ҮХ-иас бусад хуулийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гаргах тухай саналыг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-17 17:47:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан 30 саналын томъёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 13.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор хүсэлт гаргасан бол энэ зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийг оролцуулахгүй” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Мөн төслийн 34 дүгээр бүлэгт 34.18 буюу “Шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах” хэсгийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Уг хэсэгт “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажилллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, прокурорт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар тусгагджээ.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэсэн агуулгатай зүйл нэмэх Ажлын хэсгийн санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналыг авч чадсангүй. Ингээд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахаар шилжүүллээ.

Үүний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр  санал хураалт явуулав. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ