Хангал суманд тарвага нутагшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-16 22:26:05
Булган /МОНЦАМЭ/ Хангал сумын ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэрийн харьяа “Сэлэнгэ” амралтын баазын хамт олон хамтран тарвага сэлгэн нутагшуулах ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулжээ.
Энэ хавар Архангай аймгийн Цахир сумаас 20 тарвага авчирч Хангал сумын 2-р багийн нутаг Чулуут, Ёлын аманд нутагшууллаа.
Булган аймгийн өмнө зүгийн тал хээрийн нутагт тарвага элбэг байсан боловч 2000-гаад оны  эхээр болсон их ган ганчиг, царцааны нүүдлийн улмаас хоёрхон жилийн дотор устсан аж. Эдүгээ Могод, Сайхан, Баян-Агт сумын нутаг тарвагатай боловч хулгайн анчдын бай болж байгаа юм.
- Монголчууд эртнээс тарвагыг газар доорх шар тос гэж нэрлэдэг. Олон талын ач холбогдолтой энэхүү амьтан хууль бус агнуур, байгалийн гамшигт өртөн мөхлийн ирмэгт ирээд байгаа юм. Тарвага хөрсний агаарын солилцоог хангаж, ургамалжилт болон ургамлыг нөхөн сэргээхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Монгол тарвагыг хамгаалах өсгөхөд хүч хөдөлмөрөө зориулж яваа Сэлэнгэ амралтын баазын хамт олонд талархаж байна гэж Хангал сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярьлаа.
 
М.Батжаргал
Холбоотой мэдээ