Иргэн-газар гэсэн олон улсын зөв тогтолцоог Монголд нутагшуулах шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-09 15:58:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулиар олгосон эрхийг эрх тэгш эдлэх, газар өмчлөлтэй уялдуулан гэр хорооллыг оновчтой зөв хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой шинэ хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Болд санаачлан Төрийн ордны нээлттэй сонсголын танхимд өнөөдөр “Газар өмчлөл ба гэр хорооллын хөгжил” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, НИТХ, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож, газар өмчлөл болон гэр хорооллын хөгжлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай гэсэн хоёр хуулийн төслийг санаачлан өргөн барьж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон юм. Хуулийн төслийн гол зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, хот, суурин газрын инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжих, үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж Л.Болд гишүүн хэлэлцүүлгийн эхэнд танилцуулж байв.
Хэдийгээр Улаанбаатар хот 2013 оноос эхлэн Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч харьцангуй удаашралтай, ахиц дэвшил гарахгүй байгааг тэрбээр мөн тодотгоод шинэ хуулийн төслийг баталбал олон эерэг үр дүн, гарна гэлээ.
Тодруулбал Монгол Улсын иргэн бүр эрх тэгш газраа өмчилж авах, авсан газартаа эзэн нь байж, газар-иргэн гэх олон улсын харьцааг оновчтой нэвтрүүлэх, үүнийг дагаж гэр хорооллыг зөв хөгжүүлэх боломжтой болно гэж харж байгаа аж.
Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт “Газар өмчлөл, хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны эрх зүйн орчин”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Хувийн өмчийн газрын харилцаа ба дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хүний болон нийтийн эрхийг хамгаалах нь” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.



Түүнчлэн ХБНГУ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчинд ээлтэй барилгын материал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хэрэгжүүлж буй төслийн талаар “Модул16” компанийн ерөнхий архитектор Александр Глазер, ХБНГУ дахь Монгол Улсын Өргөмжит консуль Маркус Рейнбэрг нар танилцуулав. Тэд Герман технологийн байгальд ээлтэй поликэйр системд суурилсан барилгын материалыг ашиглаж гэр хорооллыг барилгажуулах боломжтой гэж байлаа. 90 хувь нь элсээс бүрддэг уг материалаар 30-100 мкв барилга барих бөгөөд нарийн мэргэжилтний шаардлагагүй, дотоодын нөөц бололцоогоо ашиглах боломжтой, мөн өвлийн улиралд ч барилгын ажил хийж болох давуу талтай аж.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болдоос дээрх хуулийн төслийн талаар товч тодруулга авсан юм.

-Газар өмчлөл болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны эрх зүйн орчинд юу дутагдалтай байна гэж та харж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар иргэдийн 13 хувь нь газар өмчилж авсан. Үлдсэн 87 хувь нь хэрхэн эрхээ эдэлж, шударгаар газраа өмчилж авах вэ гэдэг нь эргэлзээтэй байна. Иргэдэд хууль ижил тэгш үйлчлэх ёстой. Энэ эрхийг хууль эрхзүйн зөв бодлогоор хангах ёстой. Хоёрдугаарт газар өмчлөөд авчихсан иргэдийн 90 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэтэл иргэдийн өөрсдийнх нь оролцоо, санаачлага, эрх ашиг зөрчигдөх замаар гэр хорооллыг хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байгаа. Тиймээс энэ алдааг засахын тулд Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг олон улсын сайн туршлагыг судлан, иргэдийн хүсэл зорилгод тулгуурлан боловсруулаад байна. Хуулийн төслийн гол үзэл баримтлал нь гэр хорооллыг хөгжүүлэхэд тэнд амьдарч буй иргэдийн санал санаачлага, шийдвэр оролцоо нэн тэргүүнд тавигдана.

-Одоо өрнөж буй дахин төлөвлөлтийн ажилтай хуулийн төслүүд хэрхэн уялдаж байна вэ? Энэ төслүүд үргэлжлэх үү?
-Нэгэнт хэрэгжиж байгаа төслийг үгүйсгэх юм байхгүй. Гэхдээ хууль батлагдвал дахин төлөвлөлтийн төслүүдийг хоёр салгана. Иргэдийн газрыг ашиглах, төлөвлөхөд иргэдийн өөрсдийн шийдвэр, санаачлагыг гол болгоно. Төр зөвхөн баталгаа өгнө, туслана дэмжинэ, хөрөнгийг нь шийдэж өгнө. Бусад өмчлөлийн газарт хөрөнгө оруулах, бүтээн байгуулах нь үүнээс тусдаа. Учир нь өнөөдрийн байдлаар дахин төлөвлөлтийг барилгын компаниуд гүйцэтгэж, газрыг эзэмшигч, гэр хороололд амьдардаг айл өрхүүд хөндлөнгийн ажиглагч байдалтай байна. Хоёрдугаарт, дахин төлөвлөлтөд шаардлагатай дэд бүтцийг байгуулах үүргийг орон нутаг хүлээсэн учир төсөвт маш их дарамт учруулж байна. Гуравдугаарт, санхүүжүүлэх хөрөнгө мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байна. Өнөөгийн бодит байдлыг товчхоноор дүгнэхэд нэг талаас  барилгын компаниуд, түүний цаад эзэд, нөгөө талаас өмчилсөн газар дээрээ өмч хөрөнгөтэй болж сайхан амьдрах гэсэн иргэдийн хүсэл тэмүүлэл хоёр зөрчилдөж байгаа юм.

-Газар өмчлөлийн хуульд хэд хэдэн өөрчлөлт орж байсан. Ингэж ойрхон өөрчлөх нь хэр зүйтэй юм бол?
-Газар өмчлөлийн хууль 2002 онд гарсан ч хэрэгжилт нь хангалтгүй явж ирсэн. Сүүлийн үед эрчимжүүлэх, хугацаа сунгах хэд хэдэн өөрчлөлт орсон ч одоо мухардаад байна. Энэ хуулийн үзэл санаагаар явбал иргэдийн 80 гаруй хувь нь өмчлөх газаргүй, нөхцөл байхгүй хохирох гээд байна. Иргэд хуулиар олгосон эрхээ тэгш эдлэх нөхцөл бололцоог шинэ хуулийн төсөлд оруулж байгаа юм.

-Олон улсын туршлагыг тусгасан гэсэн. Газар өмчлөлийн асуудал гадны улс орнуудад хэрхэн шийдэгддэг юм бол?
-Хуулийн төслийг боловсруулахад Ази, Европын хэд хэдэн улсын туршлагыг судалсан. Тэр бүх оронд иргэн өөрөө газрын эзэн, газар бол хэдэн үедээ үнэ цэнээ алддаггүй, үр ашгаа өгч байдаг хамгийн үнэ цэнэтэй өмч, газар-иргэн гэсэн харьцаа хамгийн оновчтой явж байна. Гэтэл манайд төр, компани хуваагаад иргэнийг өмчөөс нь салгачихаад байна. Тэр үнэ цэнэтэй өмчөө хэдхэн өрөө орон сууц эсвэл хэдэн төгрөгөөр солиход хүргэж байгаа. Иргэн хүн эргээд суурьших газаргүй болно. Үүнийг л өөрчилж, иргэн-газар гэсэн олон улсын зөв тогтолцоог Монголд нутагшуулах зайлшгүй шаардлага байна. Ингэснээр хэт төвлөрлийг сааруулах, хотоо цаашлаад улс орноо бүхэлд нь зөв хөгжүүлэх зөв бололцоотой гэж харж байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ