Эртний Эдо-Өнөөгийн Токио

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
dogsom@montsame.mn
2017-05-05 12:35:33

Токио
Эрт цагт Эдо нэртэй байгаад хожим Мэйжигийн шинэчлэлээр Токио гэх болсон Японы нийслэлд энэ жил хаврын эхэн сар сэрүүхэн байснаас сакура оройтож цэцэглэжээ. Нэгэнт оройтож цэцэглэсэн тул 4 дүгээр сарын эхээр цэцгээ бүрэн гөвчихдөг сакура энэ жил олны нүдийг чимсээр сарын сүүлч хүргэсэн байна. Эдо буюу Булангийн үүд нэрийг Зүүн нийслэл-Токио хэмээн дуудах болсон учир нь тус хот Киото хотын зүүн талд оршдог, эзэн хааны ордон бүхий тул болой.

Биднийг Токиод хөл тавьсан орой бороо орж, шүхэр дэлгэн алхах хүмүүс гудамж чимж байсан бол маргаашнаас нь 20 хэм орчим дулаахан, тунгалаг нартай өдрүүд үргэлжлэв. Токио хотын захиргааны байрны 45 давхраас зөвхөн цэлмэг өдөр л харагддаг гэх Фүжи уулын цаст оргилын барааг ч харах аз тохиов.
Өнөөгийн Токио бол дэлхийн хамгийн хөгжил цэцэглэл бүхий, хамгийн их хүн амтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн аюул багатай амгалан тайван, хамгийн том цахилгаан галт тэрэгний сүлжээтэй гэх мэт олон олон “Хамгийн” тодотголтой нийслэл хотуудын нэг. 13.5 сая хүн амтай тус хотод дэлхийн 500 том компанийн 50 орчим нь төвлөрдөг ажээ. Үүнд Toyoto, Sony гэх мэт Япон улсын нэрийг дэлхий дахинаа мөнхөлсөн хүчирхэг брэндүүд ч багтана.

Хэдий хүн ам ихтэй, санхүү эдийн засгийн төвлөрсөн төв ч иргэд нь амгалан тайван, аядуу найрсаг, тааралдсан ямар ч хүнээс аливааг асуухад чин сэтгэлээсээ зааж, тайлбарлаж өгөх нь таатай. Ер нь Токио эмх цэгцтэй, хаана юу байгаа нь тодорхой хот аж. Токиог зорин ирэх жуулчдаас гадна ажил хэрэг, бизнесийн төв учир айлчлал, хурал зөвлөгөөн, уулзалт ярилцлагад оролцчихоод зав зайгаараа хотыг үзчихээд буцдаг хүмүүс ихтэй юм байна. Тиймээс дэлхийн аялж жуулчлахад таатай хотын тоонд багтдаг биз ээ. Гадаадын жуулчдаас гадна дотоодын жуулчид ихтэй нь зочид буудалд бөөн бөөнөөрөө тасралтгүй ирж, буцаж байгаа олны хөлөөс илэрхий. Сүүлийн жилүүдэд Хятад, Өмнөд Солонгос, Тайваниас жуулчид маш олноор ирэх болсныг Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамныхан хэлж байв.

Япон өдгөө эдийн засгийн чадамжаараа АНУ, БНХАУ-ын дараа дэлхийд гуравдугаарт ордог хүчирхэг гүрэн. Үүнийгээ дагаад иргэдийнх нь амьжиргааны түвшин өндөр, нийгмийн баталгаа хангагдсан. Шинээр ажилд орж байгаа япон ажилтны цалин 2000 ам.доллараас эхэлдэг бол дундаж цалин 3500 ам.доллар байдаг аж. Энэ байдал нь нийгэм бухимдалгүй байх, амар амгалан орчин бий болох, цаашлаад урт наслах хөрс суурь болж өгдөг байна. Нөгөө талаасаа японы уламжлалт соёл, сэтгэлгээний хандлага, хөгжил дэвшлийн үр нөлөө энэ орны хүмүүсийг толгой дээгүүр, сэтгэл тэнэгэр алхах нэг гол хүчин зүйл болжээ. 

Манайхны хэлэх дуртай “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн оросуудаас гаралтай хэлц үг бий. Их л нухацтай бодсоны эцэст шийдэх тухай энэ хэлц үгтэй төстэй үгийг Токиод сонсов. Гадныхан “Япончууд найм хэмжчихээд огтлохгүй ч явчихаж магадгүй” гэж ярьдаг аж. Энэ нь япончуудын асуудлыг удаан хугацаанд судалж, шийдвэр гаргадаг, гэхдээ заавал зөвшөөрөх албагүй, таашаагдаагүй, итгэл төрөөгүй бол асуудлыг орхиод цааш явдаг тухай юм. Ер нь япончуудтай нэг асуудал ярилаа гэхэд 5-10 жил болох бол байх л зүйл бөгөөд ингэж удаан судлаад нэг хамтын ажиллагаа эхлүүлж, нөхөрлөсөн бол тэр нь насан туршийнх байдаг аж.
Хүн төрлөхтний энх тайван, эв эеийн бэлгэдэл зуны XXXII олимп 2020 онд Токиод болно. Үндсэндээ 3 жилийн дараа болох олимпын бэлтгэл хэр явцтайг сураглаад ажлыг жил, сар, 7 хоног, бүр өдөр, цаг, минутаар төлөвлөдөг япон зангийн тухай яриа болчихов.

Токиогийн олимпын хүрээнд маш олон бүтээн байгуулалтын ажил хийх ёстой ч одоогоор гол ажлууд эхлээгүй байгаа аж. Зарим баригдахаар төлөвлөсөн байгууламжийн газрыг чөлөөлөх маргаантай яриа хэлцлүүд хийгдэж байгаа тухай ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлдэг байна. Хэдий ийм ч Токиогийн олимп эхлэх өдөр бүх зүйл жин тан болсон байна гэдэгт манай дипломатчид итгэлтэй байв. Учир нь япончууд эхлээд бүх төлөвлөгөөг цаасан дээр буулгадаг. Нэгэнт төлөвлөж дууссан бол яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа эхэлдэг. Төлөвлөгөөнд ажил хийх хугацаа нь өдөр, цаг, минутаараа тусдаг. Төлөвлөсөн хугацаандаа бүх ажил дуусдаг байна.
 Одоо Токиод олимпын бэлгэдлийг сурталчилж таниулах ажил ид өрнөж байна. Токио хотын Засаг дарга, хатагтай Юрико Койкэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг хүлээн авч уулзахад уулзалтын цаад ханыг 2020 оны олимпын бэлгэдлээр чимж, уулзалтынхаа төгсгөлд олимпын бэлгэдэл бүхий энгэрийн зүүлт бэлэглэх жишээтэй. Төрийн албаныхан нэрийн хуудас дээрээ олимпын бэлгэдлийг багтааж хэвлэдэг болж. Олимпийн тухай жижиг нугалбараас эхлээд танилцуулгуудыг хэдэн янзаар хэвлэн олон нийтэд түгээж байна.

Токиогийн асуудал ба шийдэл
Хэт хөгжлийн сөрөг тал гэж байдаг. Энэ нь Японд ганцаардах өвчин, оройтож гэрлэх, бүр гэр бүл болохоос насан туршдаа татгалзах, ар гэр, үр хүүхдийн хариуцлагаас зугтах зэрэг сэтгэлгээний өөрчлөлтөөр илэрч байгаа юм байна. Гэртээ зөвхөн ганцаараа байхыг эрмэлздэг, хаалга, цонхоо хаагаад, олны хөл татарсан орой үдэш хальт гадуур гарч дэлгүүрээс хэрэглээний зүйлээ худалдаж авдаг, зарим нь бүр хүнтэй харьцахыг хүсдэггүй болохоор хэрэгцээт зүйлээ дуудлагын үйлчилгээгээр захиалдаг хүмүүс Японд цөөнгүй болжээ. Орчин үеийн япон залуус эрэгтэй, эмэгтэй ялгаагүй оройтож гэрлэх хандлага түгээмэл болж, үүнийг дагаад хүн амын өсөлт түүхэндээ байгаагүйгээр доод түвшиндээ хүрсэн нь өнөөгийн Японы эрх баригчдын шийдвэр хайсан тулгамдсан асуудлын нэг болсон байна. Нэг талаас хүн амын насжилт уртасч, нөгөө талаасаа шинээр төрөх хүүхдийн тоо буурч байгаа нь япон орныг ирээдүйд “хөгшин” улс болгох аюул руу түлхэж байгаа аж. Тиймээс тус улсын холбогдох байгууллагууд сүүлийн жилүүдэд томоохон суурь судалгаанууд хийж, орчин үеийн япон оронд тулгамдсан дээрх асуудлыг шийдэх гарцын эрэлд морджээ.

Токио дэлхийн том хот бүрийг тойрдоггүй агаарын бохирдол, замын түгжрэл, хог хаягдлаас үүссэн байгаль экологи дахь сөрөг нөлөөлөл гээд олон тулгамдсан асуудалтай ч эдгээрээ хэрхэн шийдвэрлэх арга замуудаа олсон, түрүүчээс нь шийдвэрлэж байна. Нэг үе замын түгжрэл хотын өмнө тулгамдсан асуудал байсан ч үүнийгээ үе шаттайгаар шийдэж чаджээ. Яаж замын түгжрэлийн асуудлаа шийдэв гэхээр иргэдийн сэтгэлгээнд хэвшсэн “Хувийн машин ая тухтай, хурдан” гэсэн ойлголтыг “олон нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх нь хувийн машинтайгаа явахаас дутахгүй ая тухтай, хурдан” хэмээн ухуулж, түүнийгээ амьдрал дээр мэдрүүлж чадсан байна. Нэгэнт хувийнхаас дутахгүй ая тух, үйлчилгээ байхад замын түгжрэл үүсгэж явах шаардлага иргэдэд байхгүй, олонх нь метро, автобус зэрэг нийтийн тээврийг сонгох болжээ. 
1964 оны Токиогийн олимпоос улбаатай нэг үе Токио хотын агаарын бохирдлыг бий болгогч нь аж үйдвэржилт, түүнийг дагасан утаа байж. Одоо харин агаарын бохидол үүсгэдэг гол хүчин зүйл нь автомашины утаа болжээ. Тиймээс Токио хотын захиргааны дэргэдэх Хүрээлэн буй орчны судалгааны төвд автомашины агаарын бохирдлыг судлах ажлыг хийж, судалгааны үр дүн, зөвлөмжийг шийдвэр гаргах түвшний байгууллагуудад хүргүүлэн зохих арга хэмжээг авч байна. Цахилгаан хөдөлгүүрт болон устөрөгчөөр ажилладаг машин гэх мэт шинэ санаачилгууд чухамхүү агаарын бохирдлыг бууруулах ажлын эрэл хайгуул, үр дүн ажээ.

Нөгөө талаар Япон бол газар нутаг багатай, тиймээс хог хаягдлаа хэрхэн шийдэх вэ хэмээн үеийн үед санаа зовж ирсэн улс. Тэр тусмаа Токио бол Японы нийслэл төдийгүй аж үйлдвэрийн төв. Эндээс маш их хэмжээний хог хаягдал, бохир ус гардаг. Хогны асуудлыг Токио хотын Тохижилт, хог хаягдлын менежментийн төв хариуцан ажилладаг юм байна. Тус төвийн Хог боловсруулах үйлдвэр нь Токио хотын 21 дүүргийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал, ус цэвэрлэх байгууламжаас гарсан лаг шаврыг боловсруулахаас гадна бохир усыг цэвэршүүлэх, агаарын бохирдол, усны чанарт шинжилгээ хийж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх ажилтай. Хогийг анхан шатанд ангилан ялгаж, жижиглэн бутлаад байгаль дээр хөрсөөр дарж булж, хиймэл арал бий болгон, түүнийгээ нөхөн сэргээх ажлыг хийж байна. Ийм хиймэл арал нь яваандаа хүн амьдрах, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах орчин болдог аж. 
Японы нэг давуу тал бол иргэд нь хогоо цаас, шил, хуванцар гэх мэтээр шатдаг, шатдаггүй, дахин ашиглаж болох гэж ангилж хаяад хэвшчихсэн, нөгөө талаар угаасаа газар нутаг багатай учир асар их хөрөнгө, техникийн хүчин чадлаар хогийг байгаль экологид хор хохирол багатайгаар дарж булахаас өөр аргагүй. Энэ нь хөгжилтэй, мөнгөтэй орны байгаль экологид ээлтэй хандаж буй хандлага бөгөөд 2020 оны Токиогийн олимпын медалийг гар утасны хаягдлаар хийнэ хэмээн мэдэгдээд байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг байгаль экологид хор хөнөөл багатайгаар хог хаягдлаа боловсруулахыг уриалсан нэг төрлийн олон нийтийн сурталчилгаа (PR) аж.

Улаанбаатар хотын хувьд яг ийм маягаар хогоо хөрсөөр дарж булах нь эдийн засгийн үр ашигтай гэсэн судалгааг ЖАЙКА хийж, Нарангийн хогийн цэг дээр 2008-2012 онд төсөл хэрэгжүүлжээ. Түүнээс хойш энэ технологийг ашиглаж байгаа аж. “Нийслэлийн Хот тохижилтын газар өдөрт 3 мянган тонн хог хаягдлыг Наран, Морин даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хөрсөөр дарж булдаг. 2013 онд БНХАУ-аас 3 ширхэг бульдозер авсан нь байнгын эвдрэл гэмтэлтэй. Техник өндөр үнэтэй учир тэр бүр хүссэнээрээ авч чаддаггүй, энэ жилийн төсөвт 3 ширхэг шинэ бульдозер авахаар тусгалаа. Бидэнд хамгийн гол нь техникийн хүчин чадал, хөрөнгө дутагдалтай байна” хэмээн Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж ярив. Бидний танилцсан Японы хог хаягдлын менежмент хөрөнгө, техникийн хүчин чадалд тулгуурладаг нь илэрхий байв. Түүнчлэн хогийг яаж хамгийн бага хэмжээтэй, эсвэл бүр хог биш болгох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулдаг ажээ.
Токио хотын нийт бохир усны 25 хувийг цэвэрлэдэг "Моригасаки" ус цэвэрлэх байгууламж нь хоногт 1 сая 540 мянган шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай, хотын ахуйн болон үйлдвэрлэлээс гарсан бохир усыг химийн аргаар бус бичил биетүүдийн тусламжтайгаар цэвэрлэж байгальд (далайд) нийлүүлдэг хамгийн том үйлдвэр юм.

Токио хотод ийм ус цэвэршүүлэх байгууламж 20 байдаг бөгөөд “Моригасаки”-д 50 гаруй төрлийн бичил биетийг ус цэвэршүүлэхэд ашигладаг байна. Ингэж цэвэрлэсэн усаа зөвхөн далайд нийлүүлээд зогсохгүй, тоног төхөөрөмжөө цэвэрлэх, зүлэг ногоо услах гэх мэтээр дахин ашиглаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уг цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Токио хотын цэвэрлэх байгууламж үнэхээр хамгийн сүүлийн үеийн технологитой газар байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлын нэг нь цэвэрлэх байгууламж байдаг. Хуучин цэвэрлэх байгууламжийг хэсэгчлэн засварлах ажлыг Улаанбаатар хотын захиргаа бие дааж шийдэхээр ажиллаж байгаа энэ үед ижил төстэй цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Санаа авах зүйл их байна. ЖАЙКА байгууллага Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хийсэн. Ингэхдээ цэвэрлэх байгууламжийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай гэсэн. Гэтэл бүхэлд нь шинэчлэх хөрөнгө оруулалт Улаанбаатар хотод нэг дор олдоход бэрх. Тийм учраас ЖАЙКА-тай үе шаттайгаар шинэчлэх асуудал ярьж байна. Нөгөө талаас нэгэнт ЖАЙКА-аар ТЭЗҮ хийлгэсэн учраас хөрөнгө оруулж, хамтран ажллах саналыг бас Японы талд тавья гэж төлөвлөж байгаа” гэж ярив.
Тэрбээр Токио хотын Засаг дарга, хатагтай Юрико Койкэтой уулзахдаа болон Японы “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө эдгээр асуудлаа хөндсөн бөгөөд цаашлаад ойрын жилүүдэд Улаанбаатар, Токио хотын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Токиод сонссон улс төр: Абэ&Койкэ

Ш.Абэ бол орчин үеийн Японы төдийгүй дэлхийн улс төрийн нэгэн тод дүр. Тиймээс ч түүнд япончууд итгэдэг, Ерөнхий сайд болсноос нь хойш нэр хүнд нь 50 хувиас доош хэзээ ч буугаагүй, тогтмол 60-аас дээш хувийн рейтингтэй байж иржээ. Өнгөрсөн сард эхнэртэй нь холбоотой газрын наймааны шуугиан дэгдсэн ч Ш.Абэгийн рейтинг 60 хувиас жаахан доошлоод тогтжээ. Тэрхүү шуугиан ч тэгсгээд намжжээ.
Ш.Абэгийн хувийн өргөө Монголын Элчин сайдын яамны байрнаас 500-хан метрийн зайтай. Тэрбээр Ерөнхий сайдынхаа өргөөнд /Энэ өргөөнд 1930-аад онд Японы цэргийн эрхтнүүд Ерөнхий сайдынхаа амь насыг бүрэлгэсэн. Тийм учраас сүнстэй гэгддэг/ бараг амьдардаггүй, хувийнхаа орон сууцанд суудаг юм байна. 4 айл амьдардаг энэ сууцанд Ш.Абэ эхнэртэйгээ хамт амьдрахаас гадна түүний ээж, дүү /Японы Гадаад харилцааны орлогч сайд/, хамаатан нь гэр бүлээрээ амьдардаг ажээ. Үе залгамжилсан улстөрч түүний өвөө /ээжийнх нь аав/ Японы Ерөнхий сайд, аав нь Гадаад харилцааны сайд байсан бол ээж нь Японы Либерал Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг юм байна.
Ш.Абэ Ерөнхий сайд болсноосоо хойш дэлхийн 80 гаруй оронд айлчилж, Японд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүнийг хүлээн авч уулзжээ. Үүрийн гэгээнээс эхэлдэг түүний ажил үндсэндээ “уулзалт, уулзалт, уулзалт” байдаг гэж ойр тойрныхон нь ярьдаг байна. Түүний зорилго Япон улсыг улс төр, эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын нэг хэвээр байлгах. 
Өнгөрсөн 3 дугаар сард Ш.Абэ өөрийн хүрээллийн гишүүдээр санаачилга гаргуулж намынхаа дүрэмд “намын дарга 3 дахь удаагаа улиран сонгогдож болно” гэсэн өөрчлөлтийг оруулж чадсан. Ингэснээр тэрбээр ирэх онд болох намын даргын сунгаанд оролцож ялах нь тодорхой болсон бөгөөд ирэх сонгуулиудад түүний тэргүүлсэн нам ялсаар байвал 2021 онд хүртэл Ерөнхий сайд байж, Японы түүхэн дэх хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан улстөрч болох ажээ.
Японы улс төрийн өөр нэг содон дүр нь Токио хотын Засаг дарга, хатагтай Ю.Койкэ. Өнгөрсөн онд болсон Токио хотын даргын төлөөх сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан энэ хатагтай улстөрчийн хувьд бэхжих алхмуудаа хийж эхэлжээ. Ерөнхий сайд Ш.Абэтай таарамж муутай харилцаатай байгаа түүнийг японы хэвлэлүүд “намаасаа гарч шинэ нам байгуулах гэж байна, Япон улсын дараагийн Ерөнхий сайд болох хүн” гэх зэргээр бичих болжээ. 
Токио хотын Засаг дарга гэдэг мэдээж маш том албан тушаал. Тиймээс хатагтай Ю.Койкэ нам дотроо тодорхой хэмжээний тойрон хүрээлэл бий болгож чадсан аж. Нөгөө талаар тэр намаас албан тушаалд томилогдоогүй, Токио хотын иргэдийн олонхийн саналаар дарга болсон хүн. Тийм учраас Ерөнхий сайд, намын даргынхаа үгэнд орсонгүй гээд албан тушаалаасаа буух болно гэх айдас байхгүй. Зоригтой, шийдэмгий байгаагийнх нь нэг давуу тал энэ. Японы хэвлэлүүдээр бичиж байгаачлан түүний ирээдүйн зорилго шинээр улс төрийн нам байгуулж, Ерөнхий сайдын суудалд суух байж ч магад. Харин ойрын зорилго нь 2020 оны Токиогийн олимпыг амжилттай зохион байгуулж, олимпын түүхэнд Токиогийн дахин давтагдашгүй өдрүүдийг үлдээх болов уу.
Дашрамд дурдахад, Токио хотын Засаг дарга, хатагтай Ю.Койкэ нь 1971 онд Квансэй Гакуин их сургууль, 1976 онд Египет улсын Каирын их сургуулийг тус тус төгссөн, нийгэм судлаач мэргэжилтэй, араб хэлний орчуулагч, Японы "Hippon", "Tokyo" телевизүүдэд хөтлөгчөөр ажиллаж байсан хүн юм байна. Тэрбээр 1992 оноос улс төрд оролцон Японы Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Байгаль орчны сайд, Батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байгаад 2016 оны 8 дугаар сард Токио хотын Засаг даргаар сонгогджээ.
Хатагтай Ю.Койкэ Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж, Нарангийн хогийн цэг дээр очиж танилцаж байжээ. Энэ тухайгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзах үеэрээ дурсаж, Токио, Улаанбаатар хотын харилцааг бүх талаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн болно.
 

Токио дахь монгол элчийн яриа
Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар биднийг Элчин сайдынхаа яамны байранд хүлээн авч уулзаж, оройн зоог барингаа Монгол-Японы харилцааны түүх, өнөөгийн байдал, цаашдын хандлага, Элчин сайдын яам, Консулын газрынхны ажил амьдрал, Япон улсад амьдардаг монгол иргэдийн ахуй байдал зэрэг олон сэдвээр яриа өрнүүлэв.
С.Хүрэлбаатар гуай өөрөө Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, мэргэжлийн дипломатч, Япон дахь Монголын ЭСЯ-д атташе, III нарийн бичгийн дарга, Элчин сайдаар 20 шахам жил ажиллаж байгаа. Тиймээс энэ жил дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хоёр орны харилцааны талаар аль ч өнцгөөс нь ярих хэмжээний хүн. 

Тэрбээр, 30-аадхан жилийн өмнө Монголыг Японд “ойрхон мөртлөө холын орон” гэдэг байв. Одоо тэгвэл бүс нутагтаа хамгийн дотно түнш орнууд болжээ. Япончууд монголчуудад үнэхээр элэгтэй. 1991 онд Японы Ерөнхий сайд Т.Кайфу Монголд айлчлахдаа “Монголын ардчилалд улс төрийн төдийгүй эдийн засгийн талаар тусална” гэж хэлж байлаа. Үнэхээр тусалсан. Тэр үеэс эхлээд Японд “Монголд хандивлагч орнуудын чуулган”-ыг 10 удаа зохион байгуулсан. Японы Засгийн газар гадны оронд туслахдаа дэд тал нь нэг удаад 200 мянган ам.доллар өгдөг. Гэтэл өнгөрсөн 3 дугаар сард УИХ-ын дарга М.Энхболдыг айлчлах үеэр Ш.Абэ өөрөө улс төрийн шийдвэр гаргаад манай улсад 1 тэрбум ам.долларын зээл өгөхөөр шийдсэн шүү дээ. Түүнийг нь хөндлөнгийн шинжээчид авч хэлэлцээд “Монгол Улсад 850 сая ам.доллар өгөхөд болох юм байна” гэж зөвлөөд 850 сая ам.доллар өгөх шийдвэр гарсан. Одоо Японы тал бидэнд “Та нар санаачилгатай, ажил хэрэгч, тууштай байна уу. Манай Засгийн газраас дэмжинэ. Үүний зэрэгцээ хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг нягт болгох, хувийн хэвшил дээр тулгуурласан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Ийм цаг нь одоо болсон” гэж хэлж байгаа. Манай монголчууд үүнийг анхаарч үзэх ёстой. Японы талаас Монголд жилдээ 20 мянга орчим иргэн ирдэг. Сүүлийн жилүүдэд Японы визний нөхцөл хөнгөрсөн тул Японд ирдэг манай иргэдийн тоо огцом өсч байна. Өмнө нь жилдээ 10 мянга орчим монгол иргэн жилдээ Японд ирдэг байлаа. Одоо энэ тоо 20 мянга руу дөхөж байна. МИАТ компани 7 хоногт өвөл 4 удаа, зун 6 удаа нислэг хийж байна. Энэ бол хоёр орны иргэд хоорондын харилцаа улам дотно болж буйн жишээ. Үүн дээр дөрөөлөөд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх боломж байна гэсэн үг хэмээн ярив. Мөн түүнчлэн тэрбээр хоёр орны харилцаанд гүүр болж ирсэн хүмүүс одоо өндөр настай болж, тэднийг залгамжлах залуучууд цөөхөн байгаад санаа зовниж яваагаа хуучлав. Энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Т.Янагисава гэхэд 83 хүрч байгаа аж. Ерөнхий сайд асан Т.Кайфу бас л 80 гарчээ. Хамгийн залуу нь бараг Элчин сайд асан Т.Шимизү болж байгаа юм байна.

Элчин сайдын санааг зовоож буй өөр нэг асуудал нь Токио дахь ЭСЯ-ны байр. Тус байрыг Японы мэргэжлийн хяналтын газраас 6 баллын газар хөдлөхөд бүрэн нурж унах аюултай. Тийм учраас яаралтай суллаж, шинэчлэхийг шаарддаг байна. Элчин сайд асуудлыг Засгийн газарт танилцуулж, УИХ-аар оруулан 2013 онд яг ажил эхлэх гэтэл засаг өгнө гэсэн мөнгөө өгөөгүй өнгөрчээ. 
“Азаар толгод дээр байрладаг, газар хөдлөхгүй байгаа тулдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Ер нь цаашид төр засаг энэ ЭСЯ-ны байрыг харж үзэж, шинэчлэх болсон” хэмээн С.Хүрэлбаатар сайд хэллээ.
Өдгөө Японд 7000 гаруй монгол иргэн сурч, ажиллаж амьдарч байгаа юм байна. Мундаг, сайн яваа олон хүн байдаг ч сайны хажуугаар саар гэгчээр визний нөхцөл хөнгөрч, иргэд олноор зорчих болсноор монголчууд бие биенээ хуурч хүний нутагт аваачаад хаях, хулгай луйвар хийх, элдэв гэмт хэрэгт холбогдох явдал гарах болж, ЭСЯ-ны Консулын газрынхны ажил ч нэмэгджээ. Бүр Украинд сурдаг монгол бүсгүйг өндөр цалинтай ажилд оруулна гэж Японд хуурч авчираад биеийг нь үнэлүүлдэг газар зарчихсан байсан хэрэг ч саяхан гарчээ.

Ш.Батболд
Токио-Улаанбаатар

Холбоотой мэдээ