Хятадын усан дээр буугч нисэх онгоц анхны нислэгээ үйлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-01 10:14:22
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсад үйлдвэрлэсэн, дэлхийд хамгийн томд тооцогдох усан дээр буугч “AG600” нисэх онгоц төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу өнгөрсөн бямба гарагт анхны нислэгээ үйлджээ.

“AG600” загварын онгоцыг зохион бүтээсэн төрийн эзэмшлийн “Хятадын иргэний нисэхийн аж үйлдвэрийн корпораци” компанийн мэдэгдсэнээр, уг онгоц нь 53.5 тоннын даацтай, хамгийн дээд тал нь 500 км/ц хүртэл хурдалж, буулгүйгээр 4500 км хол зайг туулж, 12 цаг нисч чадна.

38.8 м урт далавчны далайцтай, 37 м урт “AG600” онгоц нь одоогоор дэлхийн хамгийн том усан дээр буугч нисэх онгоц гэж тооцогдож байгаа бөгөөд хэмжээгээрээ “Боинг-737”-той адил гэнэ.

Ердийн нисэх онгоц шиг л хөөрч, газардахаас гадна уг онгоц нь наад зах нь 1500 м урт, 200 м өргөн бөгөөд 2.5 м гүн усан замаас хөөрч, газардах боломжтой ажээ.

“AG600” нисэх онгоцыг ойн түймрийг унтраах, далай тэнгист аврах ажиллагаа явуулахад ашиглах зорилгоор зохион бүтээсэн юм. Мөн энэ онгоцыг далай тэнгисийг хянах, хамгаалахад ашиглах боломжтой.

Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийг бараг бүхэлд нь Хятад улс өөрийн харьяаных гэж үзэж, тэнд нисэх онгоцны буудал барьж, цэргийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж байгааг Ази-Номхон далайн бүс нутгийн улсууд  болон АНУ эсэргүүцэх нь улам нэмэгдэж байгаа энэ үед уг онгоц анхны нислэгээ үйлдлээ.

“AG600” онгоц тавдугаар сарын сүүлчээр анхны нислэгээ үйлдэнэ гэж “Xinhua” агентлаг гуравдугаар сард мэдээлж байсан юм.
Г.Доржханд



Холбоотой мэдээ