Дэд хөтөлбөрүүдийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-28 16:30:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн  дэд хөтөлбөрүүдийн нээлтийн ёслолыг Цогт хунтайжийн талбайд хийлээ.
Энэ арга хэмжээнд Монголын Жимс, жимсгэний холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Насанжаргал, гавьяат механикжуулагч Б.Балган нар болон бүх сумын удирдлага, Булган сумын иргэдийн төлөөлөгчид оролцлоо.
Тус аймагт ирэх 3 жилд “Жимс, жимсгэнэ”, “Оюунлаг Булган”, “Эрүүл мэндийн хөтөч”, “Монгол нум, сум”, “Хөдөлмөр эрхлэлт”, “Зөв бүртгэл”, “Эрүүл ирээдүй”, “Уртын дуу, морин хуур” зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.
-2016-2020 онд Булган аймгийн засаглал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зүг чигийг тодорхойлох аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийнхээ гарааг хөдөлмөрч бүтээлч ард иргэдтэйгээ гардан хэрэгжүүлэх баг хамт олонтойгоо хамтдаа нээж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Өнөөдөр нээлтээ хийж байгаа дэд хөтөлбөрүүддээ зөв зохион байгуулалттай, хариуцлагатай, удирдлагын зөв үр дүнтэй хэрэгжүүлснээр өрх гэр бүлийг хөгжүүлэх, аймаг сумын хөгжил, айл өрхийн амьдралын түвшинг дээшлүүлж ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулна гэдэгт итгэл төгс байна.
Бидний ажлын үр дүн шинээр бий болгосон ажлын байр ард иргэдийн маань амьдралын чанар сэтгэл ханамжаар хэмжигдэнэ гэдгийг цаг ямагт санаж алсын хараатай дорвитой шийдвэр гаргаж, хариуцлагаа өөрсдөө үүрч аливаа шийдэл, шийдвэрийг гаргахдаа үр дүнг эрхэмлэн ажиллах болно. Аймгийн ИТХ-аар баталсан аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил нь бидний төрөлх Булган нутгийн үсрэнгүй хөгжлийн гараа байх болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна гэж аймгийн Засаг дарга З.Батзориг хэллээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ