“Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн Монголд нээгдэнэ

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
bars@montsame.mn
2017-04-24 11:32:57

КЫЗЫЛ./gov.tuva.ru/. Монголын нийслэл Улаанбаатар хотод энэ оны 10 дугаар сарын 2-5-нд Орос- Монголын найрамдлын өдрүүдийн хүрээнд “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэнг зохион байгуулна. Энэ талаарх шийдвэрийг өнгөрсөн оны 10 дугаар сард Новосибирск хотод болсон “Орос-Монголын хамтын ажиллагаа-2016” чуулга уулзалтын үеэр гаргасан ба мөн энэ тухай ОХУ-Монголын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын 20 дугаар хуралдааны протоколд дурджээ.

Тус үзэсгэлэнгийн гол зохион байгуулагчаар Сибирийн Олон улсын хамтын ажиллагааны ассоциаци /Новосибирск хот/, “Мишээл-ЭКСПО” компанийн Олон улсын үзэсгэлэнгийн төв /Улаанбаатар хот/ ажиллаж байгаа юм. Уг арга хэмжээ ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын хороо, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монголын УИХ, Монголын Засгийн газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр явагдана.

“Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн нь Монголд зохион байгуулж буй Оросын бараа, үйлчилгээний анхны иж бүрэн үзэсгэлэн бөгөөд бизнесийн түншлэл тогтоох, гэрээ хэлцлүүд байгуулах сайхан боломж юм. Үзэсгэлэнгийн үеэр аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник, барилгын заслын материал, янз бүрийн салбарын инновацийн технологи, мэдээллийн технологи, түүний дотор аюулгүй байдал, хамгаалалтын систем, ахуйн хими, бордоо, сав, баглаа боодлын материал, хүнсний бүтээгдэхүүн, ундаа, хувцас, гутал, гоёлын жижиг эдлэл, “Гоо сайхан. Эрүүл мэнд. Биологийн нэмэлт бүтээгдэхүүн”, “Гэр ахуйн бараа” зэрэг бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлэх юм.

Энэ үзэсгэлэн хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг үр ашигтай хөгжүүлэх чухал хүчин зүйл гэж Монголын төрийн дээд түвшний байгууллагууд үзэж, ихээхэн ач холбогдол өгч байна.

“Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн нь өөрсдийн экспорт-импортын нөөц боломжийг хөгжүүлэх зорилготой үйлдвэрийн газар, пүүс, байгууллагын хувьд тааламжтай боломж, гарц болох юм. Үзэсгэлэнгийн хөтөлбөрт ажил хэргийн уулзалт, хэвлэлийн бага хурал болон бусад арга хэмжээг тусгажээ.
Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.sibramsforum.ru цахим хуудаснаас авч болох төдийгүй оролцох байгууллагууд хаягаар бүртгүүлэх боломжтой./2017.04.20/
  

 http://gov.tuva.ru/press_center/news/economy/30585/                                                О.Барс

Холбоотой мэдээ