Модоор хийсэн цаг шилдгээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-20 21:15:18
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Усын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ны өнөөдөр болж, 21 аймгийн нөхөрлөлүүд ойн унанга, хаягдал нөөцийг ашиглаж хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргав. Баянхонгор аймгийн нөхөрлөлүүдийн гаргасан үзэсгэлэнгээс модоор хийсэн цагийг зохион байгуулагчид онцолж, шилдэг бүтээгдэхүүнээр шалгарууллаа.
Чуулганд Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, БОАЖГ-ын дарга Бат-Өлзий, БХННХ-ны Баянхонгор аймаг дахь салбарын тэргүүн Г.Батнасан, тус нөхөрлөлийн гишүүн 20 сумын нөхөрлөлийн гишүүд, сумдын Засаг дарга нар оролцож байна.
Дэлхий нийт эко, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжиж, энэ чиглэлд хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулах болсон. Нөгөө талаар дэлхийн цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл байдал нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалахыг хатуу сануулах болж, улс орнууд энэ чиглэлд ихээхэн анхаарах болсон. Энэ бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улс тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн оролцоотойгоор гүйцэтгэх ёстой гэж үзжээ. 
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд Байгаль хамгаалах 81 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг бол БХННХ ТББ-ын Баянхонгор аймаг дахь салбарт 42 нөхөрлөл харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна.
                                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ