Хууль зөрчин төрийн захиргааны албанд томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-24 12:40:50

АТГ-аас томилсон ажлын хэсэг Баянхонгор, Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх агентлаг, нийт 31 байгууллагад хяналт шалгалт явууллаа.

Ашиг сонирхлын зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд гаргах мэдэгдэл, тайлбарыг Өвөрхангай, Баянхонгор аймгийн ИТХ, Өвөрхангай аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар үйл ажиллагаандаа хэвшүүлсэн байна. Харин Баянхонгор аймгийн Засаг дарга, Тамгын газар болон Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага, ажилтнууд тодорхой үйл ажиллагаа, шийдвэрт уг мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна. Ялангуяа тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, хяналт шалгалт явуулах, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тухайн шийдвэрийг гаргах буюу тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэх талаар бичгээр тайлбарлаж, мэдэгдэхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ. Байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захиргааны акт, тушаалтай танилцах явцад хууль зөрчсөн буюу илт ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан зөрчил илэрсэн. Тухайлбал, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын дарга, тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нар өөртөө шагнал, урамшуулал олгосон тушаал гаргасан байв. 

Нийтийн албанд шинээр болон цаашид тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн, туршилтын хугацаагаар томилох, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор болсон тохиолдолд тэдгээрийг томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т ирүүлэх үйл ажиллагааг Өвөрхангай, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд зохих хяналтыг хэрэгжүүлжээ. Шалгалтын явцад Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 5 хүнийг төрийн захиргааны албан тушаалд хууль тогтоомж зөрчин томилсон зөрчил илэрсэн байна. 

Ажлын хэсэг “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” нэртэй сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан, аймгийн удирдах ажилтан, мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтан, нийт 759 хүнд зохион байгуулав.

Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх 10 агентлаг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-т тус тус мэдүүлгээ гаргадаг 200 гаруй албан тушаалтны 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж үзэхэд гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, хадгаламж, дансны үлдэгдлээ мэдүүлээгүй болон хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг хугацаанд нь мэдүүлдэггүй зөрчлүүд илэрснийг шалгаж эхэлжээ. Мөн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагад ахлах болон ерөнхий нягтлан бодогч нараас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргуулаагүй буюу мэдүүлэг гаргагчдын нэрсийн жагсаалтад оруулаагүй зөрчил илэрсэн аж.

Б.Туул

Холбоотой мэдээ