"Хайрын сар" аян нэг сар үргэлжилнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2017-04-06 19:29:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ХГБЗХГ/-аас "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг" Олон Улсын өдрийг угтаж Хүүхэд хамгааллын хуулийг сурталчлах ажлын хүрээнд 4-р сарыг "Хайрын сар" болгон зарлалаа. Аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон, сургуулийн нийгмийн ажилтан,  цэцэрлэгийн эрхлэгчид болон ТББ-ын төлөөллүүд оролцлоо.

Миний гэр бүл гар зургийн уралдаан, эцэг эхчүүд хүүхэддээ хайраа илэрхийлсэн захидал бичих гээд 13 нэр төрлийн ажлыг "Хайрын сар" аяны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн тодорхой удирдамжийн дагуу бүх албан байгууллагууд аяныг хэрэгжүүлэх юм байна.

"Манай аймгийн хувьд гэмт хэрэгт өртөх, хүчирхийллийн хохирогч болох хүүхдүүдийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ бүхэн мэдээж олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Гэхдээ нэн тэргүүнд хүүхдүүд маань халуун дулаан уур амьсгалтай, элэг бүтэнгэр бүлд өсөж хүмүүжих ёстой. Хайраар дутсанаас болж сэтгэл санаагаар унах, улмаар гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгт холбогдох явдал бий. Тиймээс хүүхэд бүр аав, ээжийнхээ хайранд өсөж торниосой, томчууд маань үр хүүхэддээ хайртай гэдгээ өдөр бүр мэдрүүлж байгаасай. "Хайрын сар" аяныхаа хүрээнд бид маш олон сайхан ажлыг хийх болно. Үүний дараа тодорхой үр дүн гарна гэдэгт бид итгэлтэй байна..." хэмээн аймгийн ГБХЗХГ-ын дарга О.Балжинням ярилаа.

Сүхбаатар аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөх хүүхдүүдийн тоо нэмэгджээ. Тодруулбал: 2015 онд 35 хүүхэд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөж байсан бол 2016 онд энэ тоо 41 болж өссөн байна. Зөвхөн 2016 онд гэхэд 23 хүүхэд гал түймэрт өртөж, нэг хүүхэд хүчирхийлэлд өртсөний улмаас сургуулиа орхин явсан байна. Мөн насанд хүрээгүй охидын жирэмслэлт, насанд хүрээгүй охид бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол жилээс жилд нэмэгдсэн гэх харамсалтай дүн гарчээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ