Дорноговийн багш нар Эрхүүд туршлага солилцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 16 багш ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуульд зочилж туршлага судалж байна.
"Багш нар физик, математик, англи, орос хэл зэрэг өөрсдийн хамаарах мэргэжлийн дагуу орос багш нартай харилцан туршлага солилцож, оюутнуудад хичээл зааж, мэдлэгээ тэлж буй.Тэднийг Боловсрол, соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн н.Цэнгэл ахалж яваа.Багш нар гуравдугаар сарын 31-нд нутагтаа ирнэ" гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр ярив.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мөрийн хөтөлбөртөө “Хөрш орнуудаасаа суралцья” хамтын ажиллагааны хөтөлбөрийг тусгаснаар говьд ажиллаж байгаа багш нар БНХАУ, ОХУ-д зочилж мэргэжлээ дээшлүүлж, сурч боловсрох боломж бүрджээ.Тэдний зардлыг орон нутгаас даасан байна.
Зөвхөн хөрш орноосоо суралцах бус өөрийн орны боловсролын тогтолцоо, сайн туршлагыг дэлгэрүүлэх үүднээс ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөх ангийн 12 оюутныг 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос 14 хоногийн хугацаатай аймагтаа урьж мэдлэг солилцож, багшлах арга зүй, хэлний чадварыг дээшлүүлэх талаар уулзалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн аж.
Х.Эрдэнэбулган