Хамарын хийдийн гэр буудлуудад шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-29 18:52:46

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр захирамж гаргаж тус сумын нутагт байх Хамарын хийдийн гэр буудал, хоолны газруудын үйлчилгээ хүнс, нийтийн хоолны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус Ажлын хэсэг энэ сарын 27-нд Хамарын хийдийн орчимд үйл ажиллагаа явуулж буй 17 гэр буудлууд, цайны газрын үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийж нийт 38 зөрчил дутагдал илрүүлсэн байна.

Хүнс, нийтийн хоолны үйлчилгээ  эрхэлж буй иргэдэд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Захиргааны хариуцлагын тухай, Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай,Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг танилцуулж, хуулийг хэрэгжүүлэх, зөрчил арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгөв.

Сайншанд сумын ЗДТГ-аас аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин зочин гийчдэд эрүүл, баталгаатай  хүнс, хоолоор үйлчлэх зорилгын хүрээнд дэлхийн энергийн төв гэгддэг Хамарын  хийд орчмын гэр буудлууд, цайны газрын үйлчилгээнд хяналт тавьж, үйлчилгээний стандартыг хэвшүүлж, цэвэр тохитой орчинд үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ