Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сарын аян өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-20 18:45:53

Дорноговь /МОНЦАМЭ/. Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, бага насны хүүхдүүдийн эцэг эх, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлж, зан үйлийг өөрчлөх зорилгоор Дорноговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн  тасаг, Онцгой байдлын хэлтэс хамтран “Хүүхдийн түлэгдэлт- Эцэг эхийн хариуцлагаас” нэг сарын аяныг зохион байгууллаа.

Тус аймагт  осол гэмтлээс болж эрүүл мэндээрээ хохирох, бүр нас барах тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд 2016 онд 0-оос 15 нас хүртэлх хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийг харьцуулж үзэхэд бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл зонхилсон байна.

Тиймээс аяны хүрээнд “Осол гэмтлийн өнөөгийн байдал”, “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлагаас”, “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг аймгийн хэмжээний 27 цэцэрлэгийн 970 хүүхэд, 825 эцэг эхчүүдийн дунд зохион байгуулж, есөн төрлийн 510 ширхэг гарын авлагыг урьдчилан  сэргийлэх зорилгоор тараажээ.

Үүнээс гадна осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт, заавар зөвлөгөө, телевизийн сурталчилгааг өргөн хүрээнд зохион байгуулсан аж. 

Осолд орсны дараа нь эмчлэх бус ослоос өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх, юуг анхаарах талаар зохион байгуулсан  дээрх үйл ажиллагаа цагаа олсон чухал ажил боллоо гэж иргэд дүгнэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ