Тэмээний баярыг 14 дэх жилдээ тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-11 21:37:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Таван хошуу малаас сүү болон бусад таваарлаг байдлаараа хамгийн ашигтайд тооцогдох Тэмээний баяр Баянхонгор аймгийн Баянцагаан сумнаа 14 дэх жилдээ амжилттай боллоо.

Тус баярыг тэмээн сүргийн тоо толгойг нутагтаа өсгөх зорилгоор “Баялаг өлзий” ХХК-ний захирал Ж.Өлзийбодьжавын санаачлагаар 2003 оноос тэмдэглэж эхэлжээ. 1975 онд 2 бөхт тэмээ 800.000 байсан бол 2003 онд улсын хэмжээнд 200.000, Баянхонгор аймгийн хэмжээнд 20.000 болтлоо буурсан байдаг. Ингэж цөөрсөн тэмээн сүргийг өсгөн үржүүлэх зорилготой эхлүүлсэн олон ажлын үр дүнд Баянхонгор аймгийн  малчид тэмээгээ 2.5 дахин өсгөж, 50.000-д хүргэж чадсан юм.

Таван хошуу малаа төрөл тус бүр дээр нь өөрийн аргачлалаар дорвитой өсгөсөн Улсын аварга малчин Баянцагаан сумаас олон төрсний нэг нь аварга тэмээчин Жамбалжавын Молом агсан. Тус сумынхан аварга тэмээчнээ энэ үеэр алдаршуулж дурссан бол, хоёр бөхт тэмээн сүргээрээ овоглосон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очир, Гавьяат малчин, Монгол Улсын алдарт уяач Ц.Шинэн нарын хүндэт эрхэмүүд тус арга хэмжээний хоймроо тухалж, аймгийн удирдлагууд, говийн сумдын тэмээчид, баярыг үзэж сонирхохоор дотоодын жуулчид ирсэн байв.

Тэмээчдийн урмыг сэргээх, алдрыг дуурсгах зорилгоор монгол тэмээний уралдааныг жил бүр явуулдаг бөгөөд говь нутгийн зон олон өндөр бэлтгэлтэйгээр оролцдог болжээ. Зэргэлдээ аймгуудад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан эрүүл бүсээр үлдээд байгаа аймгийнхаа мал сүргийг эрүүл байлгах үүднээс Баянхонгор аймгийн Засаг дарга малын шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон захирамж гаргасан. Энэ захирамжийн дагуу нутгийн говийн найман сумаас тэмээчид өөрсдийн тэмээгээ авч ирж уралдуулсан юм.

Баярын нээлтийн үеэр зохион байгуулагчид тэмээн хөсгийн цувааг хурсан олны дундуур явуулсан нь сууринших хандлагаруу ороод байгаа хүн бүхэнд нүүдэлчдийн соёл уламжлалаа харуулж, сануулж чадсан үйл явдал болсон. Энэ үеэр шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулсан ба гоё ганган тэмээдээ тохош эдлэл хэрэглэлээрээ ижилсүүлсэн 10 гаран сайхан хос тэмээний баярын нэг чимэг нь болж өрсөлдсөнөөс Баянцагаан сумын тэмээчин З.Хишигбаярын гэр бүл түрүүллээ. Харин монгол тэмээний уралдаанд нийт 84 тэмээ уралдсанаас Баянлиг сумын тэмээчин Ж.Батсайханы улаан тэмээ өнгөлснийг “Говийн сэргэлт сан”-гийн тэргүүн Ж.Өлзийбодьжав мотоциклоор байлж шагнав.

Хурдан торомны уралдаанд 40 тором уралдсанаас Шинэжинст сумын тэмээчин н.Лувсанчогвоогийн бор тором түрүүллээ. Хөл урт,  хурд сайтайгаараа монгол тэмээнээс ялгаатай бэсрэг тэмээний уралдаанд эхний тавд Баянлиг сумын шар тэмээд орсон. Мөн үеэр Баянцагаан сумын тэмээчдээс есөн алдартныг өргөмжилж, зургаан айраг хоёр түрүүг бүсийн чанартай тэмцээн уралдаанаас авсан нэр бүхий 16 уяачийг аймгийн Алдарт уяач цолоор шагнасныг гардуулав.

Ирэх жилийн тэмээний баяр Баянхонгор аймгийн Жинст сумын зэгсэн шаргал талд болохоор тогтосноор Баянцагаан суманд хийсэн тэмээчдийн баярын арга хэмжээ өндөрлөлөө.

Сонирхуулахад, Улирагч онд Баянхонгор аймагт мал таван төрөл дээрээ өсч, улсын хэмжээнд ямаан сүргийнхээ тоо толгойгоор нэгдүгээрт, тэмээн сүргээрээ хоёрдугаарт, нийт малынхаа тоогоор тавдугаарт жагсчээ.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ