Сумын удирдлагууд залуу малчныд зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-16 21:41:51

Хонгор нутагт өнөтэй сайхан өвлийг үдэж, хот дүүрэн төлийн дуу цангинасан урин налгар хавар айлчилж байна. Баянхонгор сумын нийт малын тоо 169373 болж өмнөх оныхоос 20 гаруй мянгаар өсөөд байгаа. Үүнээс 67 мянга орчим мал төллөх юм. Харин малчин өрх 440 бий.

Баянхонгор сумын халуун бүлд багтаж, ажил үйлсээрээ дэгжиж, орон хотоо босголцон, мал сүргээ өсгөж буй залуу малчин цөөнгүй. Тэдний нэг Т.Отгонбаатарынд орон нутгийн удирдлагууд энэ сарын 14-ний өдөр зочиллоо. Эднийх Шаргалжуут 8 дугаар багийн нутаг Ар сайр хэмээх газарт өвөлжиж байна.

“Малын буян барагдахгүй гэдэг. Дөрвөн цагийн эргэлтэд хэдэн малаа дагаж, буян хишгийг нь хүртээд сайхан аж төрж явна” гэх Т.Отгонбаатар гурав дугаар ангиасаа мал дагасан. Өдгөө 1200 гаруй малтай тэрээр 2016 онд Баянхонгор сумын сайн малчин болжээ. 2000 онд эхнэр Л.Нямсүрэнтэй гэр бүл зохиож, хоёр хүү төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байна.

Нутаг усныхаа хөгжилд хөдөлмөр бүтээлээрээ хувь иргэж яваа иргэнээ хүндэтгэж, гэрт нь зочлон, халуун яриа дэлгэх үеэрээ Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ж.Мөнхсоёл дурсгалын зүйл гардуулсан юм.

                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ