Төрийн байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-16 16:26:32

Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд 22 агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Энэ хүрээнд агентлагуудын бодлогын хэрэгжилт, төрийн албаны албан хэрэг хөтлөлтийн стандарт, хүний нөөцийн бүрдүүлэлт, иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар хүртээмж, мэдээллийн ил тод байдал, гадаад харилцаа, түүнчлэн төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл байдалтай танилцан зөвлөмжөөр хангах аж. Мэргэжилтнүүд одоогоор 10 байгууллагаар орсон бөгөөд шинэ сэргэг ажлын санаачлага их гарсан байна.

“Ирэх он жилүүдэд төрийн байгууллагууд уялдаа холбоотой, шинэ санаачлагыг  хэрэгжүүлэн иргэддээ төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж хамтран ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болгосон. Энэ ч утгаараа салбар агентлагууд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа” хэмээн аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Орон нутгийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Цэдэв хэллээ.

Төрийн байгууллагууд дор бүрнээ төрийн үйлчилгээг чанартай гүйцэтгэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх чиглэлийн шинэлэг ажлыг тогтмол санаачлан хийх нь чухал юм. Үүнээс гадна иргэддээ хүрч ажиллах тал дээр анхаарах цаг иржээ. Тухайлбал аливаа ажлыг хийхдээ их хэмжээний төсөв мөнгө зарцуулахаас илүүтэй нөөц боломжоо ашиглан төсвийн хэмнэлт гаргах хэрэгтэй байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ