Дорнодын хуцаар Өмнөговийнхон үүлдрээ сэлбэнэ

ОРОН НУТАГТ | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 17:56:34

Өмнөговь аймгийн хонин сүргийн үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймгаас 100 хуцыг тус аймгийн малчид авчээ.

 Дорнод аймгийн Барга, Үзэмчин үүлдрийн эдгээр хуцыг тус аймгийн 15 сумын мал бүхий 50 багт хүлээлгэн өгчээ. Энэ үүлдрийн онцлог нь мах, өөхний ашиг шим нь давуу хөгжсөн, байгалийн өвөрмөц нөхцөлд зохицох, бэлчээр ашиглах болон төлөрхөг чанар сайтай юм. Мах, өөхний чиглэлийн Барга, Үзэмчин үүлдрийг хонийг 1990 онд омгоор баталсан бөгөөд уг хонинд явуулсан судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үндэслэн ХХААХҮЯ-ын Сайдын 2012 оны 126 дугаар тушаалаар бие даасан үүлдэр болон баталгаажуулсан байдаг.

Барга, Үзэмчин үүлдрийн хонь нь тал нутгийн бэлчээрийн нөхцөлд сайн зохицсон, чийрэг бие цогцостой, цээж гүн, өндөрдүү биетэй, отоггүй сүүлтэй, мах өөхөн ашиг шим давуу хөгжсөн байдаг. Нас бие гүйцсэн хуцнаас 1.2 кг, төлгөн хуцнаас 1.1 кг, эм хониноос 1.2 кг, охин төлөгнөөс 1 кг ноос авдаг байна. Харин эр шүдлэн хонины жин 47.1 кг, гулуузны жин 22.2 кг, махны гарц 47.1 хувь бөгөөд өвчин эмгэгт тэсвэртэй юм. Намар цагт үржлийн хуц 77-82, төлгөн хуц 51.1-59, үржлийн эм хонь 57.7-61.6 кг буюу хаврын жингээ намар 20-33 хувь хүртэл нэмэгдүүлдэг юм байна. Хэвийн жилүүдэд энэ үүлдрийн хонины хорогдол 0.2-0.4 хувь байдаг гэнэ.

Б.Туяа

Холбоотой мэдээ