Ангела Меркель Туркийг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-18 15:24:22

БЕРЛИН. /TASS/. Германы Канцлер Ангела Меркель Туркт айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Ерөнхий сайд Ахмет Давутоглутай хэлэлцээ хийнэ.

Сири болон Европ дахь дүрвэгсдийн хямрал хэлэлцээний гол хоёр асуудал байх ажээ.

ОХУ-ын Сирид өгч буй агаарын цохилтыг Ангела Меркель нэг талыг баримталсан үйл ажиллагаа гэж үзэж байна. Турк нь Сиритэй хил залгаа НАТО-гийн гишүүн, Германы түнш орон юм. “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос улсаа хамгаалах зорилгоор Турк өөрийн нутаг дэвсгэрт “Пэтриот” пуужингийн системийг байрлуулсан бөгөөд үүний үйл ажиллагааг Германы цэргийн албан хаагчид удирддаг байна.

Дүрвэгсдийн хямралын хувьд, Европыг зорих дүрвэгсдийн дамжин өнгөрдөг гол улс бол Турк юм. Голдуу Сири, Афганистаны 1.5 сая дүрвэгч энэ онд Германд ирэх төлөвтэй байна.

Дүрвэгсдийн урсгалыг багасгах гол улс бол Турк гэж Меркель үзжээ.

Европын Холбоог зорих дүрвэгсдийн замыг хааж, тэднийг өөрийн нутаг дэвсгэр дээрээ бүртгэн авахыг ЕХ Туркээс хүссэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ