Буруу зүгт явж байгаагаа бүтэн сарын дараа мэджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-26 11:24:57

БЭЭЖИН. /ВВС/. Цагаан сарын баяраар гэртээ харихаар унадаг дугуйтай гарсан нэгэн хятад залуу өөрийгөө буруу зүгт явж байгааг 30 хоногийн дараа мэджээ.

Цагаач ажилчин тэрбээр Хармөрөн мужийн Цицигар хотод байдаг гэртээ харихаар Шаньдун мужийн Рыжао хотоос гарсан байна. Энэ хоёр хот хоорондоо 1700 км зайтай аж.

Түүнийг 500 км зам туулаад байхад нь Хятадын төвийн нутгийн Аньхуй мужид замын цагдаа зогсоосноор тэрбээр буруу чиглэлд явж байгаагаа мэдсэн байна. Цагдаа түүнд галт тэрэгний тасалбар өгөөд, гэр рүү нь явуулжээ.

Энэ залуу өнгөрсөн 12 дугаар сард Шаньдун мужийн Рыжаогоос гарсан аж.

Тэрбээр интернет кафед ажилладаг бөгөөд маш бага цалин авдаг учраас унадаг дугуйгаар гэртээ харихаар шийдсэн гэнэ.

Тэрбээр газрын зураг ашиглаж мэдэхгүй учир хүмүүсээс зам асуусаар явжээ. Харин унадаг дугуйгаар явахыг хориглосон хурдны зам дээр гарч ирэхэд нь цагдаа нар түүнийг зогсоожээ.

Хятадын Цагаан сар нь хятадуудын хувьд хамгийн хүндтэй баяр юм. Цагаан сар эхлэхээс 15 хоногийн өмнөөс өөр хотуудад ажилладаг хүмүүс гэртээ харьж эхэлдэг бөгөөд баяраас хойш 25 хоногийн хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ хамт дотоод, гадаадаар аялдаг. Энэ оны хувьд хятадуудын Цагаан сарын амралт нэгдүгээр сарын 13-нд эхэлж, хоёрдугаар сарын 21-нд дуусна. Хятадын Цагаан сарын шинийн нэгэн нэгдүгээр сарын 28-нд тохиож байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ