Өвөрхангайд 28 мянган хүүхэд мэдлэг боловсрол эзэмшинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:00:42

2015-2016 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллага үйл ажиллагаа явуулж эдгээр боловсролын байгууллагад 28 мянган хүүхэд суралцаж, 2355 багш, ажилтан ажиллах юм.

Хичээлийн шинэ жилийг угтаж  улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Уянга, Богд, Баруунбаян-Улаан, Төгрөг сумд болон Арвайхээр хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хичээлийн байрыг засварлан, Арвайхээр хотод 5 гэр цэцэрлэг, Гучин-Ус суманд цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Ингэснээр цэцэрлэгийн хүүхдийн суудлын тоо 200-аар нэмэгдэж хамран сургалт 84 хувьд хүрч, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 95 хувьд хүрсэн байна.

Аймгийн Боловсролын байгууллагууд энэхүү том амжилтаар хичээлийн шинэ жилийн нээлт эхлүүлж, уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Боловсрол, соёлын газрын дарга Ч.Самбуу-Ёндон, Арвайхээр хотын Засаг дарга А.Ишдорж нар оролцон багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдад баярын мэнд хүргэж, амжилт хүслээ.

Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч улсын хэмжээнд 2 дугаар байр эзэлсэн нь багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүд, боловсролын байгууллагатай хамтран ажилладаг нийт хүмүүсийн ажлын үр дүн юм. 2015-2016 оны хичээлийн жилд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд багш нарын ур чадвар, итгэл зүтгэл, сурагчдын идэвх, санаачилга чухал шаардлагатай” гэсэн юм.


 Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд