Хүүхдийн тасгийн ачаалал их байгаагаас эмч, сувилагч нар өөрсдөө ханиад хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-18 16:00:40

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, их эмч Ц.Цэндсүрэнтэй уулзаж хүүхдийн томуу, томуу төст өвчний дэгдэлт, нөхцөл байдлын талаарх тодруулга авлаа.

-Аймгийн хэмжээнд томуугийн  дэгдэлт ихэсч,  хүүхдийн өвчлөл их байх шиг байна.  Хүндрэл хэр байна?

-Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой томуугийн  дэгдэлт ихэсч байна. Ер нь ид үедээ явж байна. Одоогоор манай хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс томуу, томуу төст өвчнөөр өвдөөд хүндэрчихсэн, хатгаатай, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй хүүхдүүд ихэнх хувийг нь эзэлж байна. Манай тасаг 40 ортой. Үүн дээрээ нэмээд 10 ор тавигдсан байгаа. Ер нь өдөрт 45-60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Өдөртөө 10 хүүхэд эмнэлгээс гарлаа гэхэд буцаад тэр хэмжээний хүүхэд хэвтэх жишээтэй.

-Ер нь хэдээс хэдэн насны хүүхдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна вэ?

-Хоёр сараас гурван нас хүртэлх хүүхдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь ихэнхи нь томуу томуу төст амьсгалын замын өвчлөл байна. Нярай хүүхэд өвчилж байгаа боловч харьцангуй бага.

-Ханиад томуутай холбоотойгоор хүүхдийн эндэгдэл  гарсан тохиолдол байгаа юу?

-Одоогоор тийм тохиолдол гараагүй байна. Тасгийн маань бүх эмч, сувилагч, ажилчид ачаалал ихтэй ажиллаж байна. Үүнтэй холбогдуулаад тасагт хэвтэж байгаа хүүхдүүдэд эмнэлгийн удирдлага болон бусад байгууллагуудын зүгээс тусламж үзүүлж витаминлаг, чанартай хоол хүнсээр хангаж ажиллаж  байгаа.  

-Хүнд хүүхэд байгаа юу?

-Хүнд хүүхэд 4-5 байна. Зарим нь одоогоор  сэхээнд ороод сайжирч байна.

-Хүүхдийн тасагт уурын аппарат,  эм тарианы хангалт хэр байна?

-Уурын аппарат гурав бий. Өрхийн эмнэлгүүдэд ч уурын аппарат бий. Эмчилгээг сайжруулахад гуурсан хоолойг тусгай уусмал эмээр утдаг байгаа. Энэ эмчилгээ их үр дүнтэй байдаг. Ер нь эм тарианы хангалт сайн байгаа. Гол нь манай эцэг эхчүүд хүүхдийнхээ өвчлөлийг хүндрүүлэх, цаг алдсан байдалтай хандаж байгаа нь өвчлөлийг даамжруулахад, эмчлэхэд хүндрэлтэй болгож байна.

-0-5 насны хүүхдэд эм үнэгүй олгохоор болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ асуудлыг өрхийн эмнэлгүүд хариуцаж байгаа. Манай тасгийн хувьд бичдэггүй. Өөрөөр хэлбэл өрхийн эмч нар жороор эм олгоно бичнэ гэсэн үг. Манайх амбулаториор үзэж байгаа бөгөөд гарч байгаа хүүхдүүддээ шаардлагатай эмийг нь картан дээр нь бичээд өгдөг. Өрхийн эмч дээрээ очоод эмээ бичүүлээд хөнгөлөлттэй үнээрээ авах боломжтой.

-Ачаалал их байгаатай холбоотойгоор эмнэлгийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?

-Ачаалал ихтэй үед ор хүрэлцэхгүй асуудал их байна. Манайх 40 ортой атал хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 45-60 хүрч байгаа учраас нөөцөөсөө 10 ор нэмж тавьсан байгаа. Ханиад томуу ахиад нэмэгдэх хандлагатай болбол өөр тасагт нөөц орноосоо нэмж тавин үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа. Манай тасагт хүүхдийн үндсэн гурван эмч ажилладаг. Үүн дээр нэмэгдэл хоёр эмч ажиллаж байна. Мөн нэмэгдэл сувилагч нар ажиллаж байгаа. Ер нь ажлын ачаалал их байгаа учраас тасгийн эмч, сувилагч нар өөрсдөө ч өвчлөх хандлагатай байна. Тиймээс эмнэлгийн захиргаанаас эмч ажилчиддаа сармистай шөл, аарц, чацарганы шүүс өгч байна. Удахгүй витаминаар хангана гэсэн.

-Эцэг эхчүүд дур мэдэн эм, эмчилгээ хийгээд байдаг. Энэ талаар зөвлөвөл?

-Манай эцэг эхчүүд эмчид үзүүлэлгүйгээр хүүхдүүдэд өөрсдөө дур мэдэн антибиотик өгөх, эмчлэх хандлагатай байдаг. Энэ ханиад маань вирусын гаралтай учраас хүндэрсэн үед хоёрдогчоор бактери идэвхижиж байдаг. Тийм үед буюу хоёрдогчоор халдвар авсан үед антибиотик хэрэглэхээс биш дөнгөж эхэлж байгаа үед нь антибиотик  хэрэглэх шаардлагагүй. Харин дөнгөж эхэлж байгаа хүүхдэд антибиотик өгчихөөр өвчний явц хүндрээд эмчлэхэд  бэрхшээлтэй болчихдог. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдэдээ ханиад томууны анхны шинж тэмдэг болох нус гоожих, халуурах, ханиах, найтаах шинж тэмдэг илэрвэл антибиотик өгөх гэж яаралгүй эмчид үзүүлж байж шаардлагатай эм, эмчилгээг хийлгэх хэрэгтэй байна.

-Урд жилүүдэд гарч байсан ханиад томуунаас ялгарах шинж тэмдэг байгаа юу?

-Урьд жилүүдэд гарч байсан ханиад томуунаас үүсгэгчийн хувьд ялгараад байх зүйл байхгүй боловч хамрах хүрээ ихтэй буюу арай илүү тархацтай байна. Улс орон даяараа л томуу, томуу төст өвчний үечлэл их байгаа  учраас.

-Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ, эцэг эхчүүдэд хандан зөвлөгөө өгвөл?

-Томуу,  томуу өвчин ихэсч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ аль болох дааруулахгүй дулаан хувцаслан халуурч, ханиалгаж, найтаалгах шинж тэмдэг илэрвэл цэцэрлэг, сургуульд нь явуулалгүй гэртээ дулаан байлгах, өрхийн эмчид нь зөвлөмж авсны дагуу эмчилгээг нь хийлгэх ёстой. Шаардлагатай тохиолдолд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч үзээд  шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлж байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн асарч хамгаалж, дааруулахгүйгээр дулаан хувцаслаж байх  буюу ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрт нь сайн асарч байх хэрэгтэй. Мөн ханиад томуу нь эдгэхээр цэцэрлэг, сургуульд нь явуулахдаа амны хаалт зүүлгэж занших, гарын ариун цэврийг маш сайн сахих, ханиаж найтаах үедээ хамрын  алчуур буюу тохой, суга руугаа ханиаж найтаахыг хүүхдүүддээ зөвлөх хэрэгтэй. Ханиаж найтаасныхаа дараа гараа сайн угаана. Түүнчлэн биеийн эсэргүүцэл сайжруулах хоол хүнсийг сайн хэрэглүүлэх шаардлагатай. Үүнд  чацаргана болон  аньсны шүүс, саримстай шөл зэрэг орно. Хоолой өвдөж торж байгаа үед давс, содын уусмал, сармисны хандаар хоолой амыг нь сайтар зайлуулж байх  хэрэгтэй. Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж агаарын сэлгэлтийг хийж байх, хүүхдийг халуун бүлээн орчинд сэлгээд байхгүйгээр нэг жигд температурт байлгах хэрэгтэй.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ