Ахмадын хоёр байгууллага нэгдэж ажиллахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймаг 10 мянга орчим ахмадтайгаас 2000 гаруй нь Эрдэнэбулган сумынх. Монголын Ахмадуудын холбооны салбар хороо, Ахмадын Чөлөөт холбооны салбар гэгчлэн нэг зорилгын төлөөнөө хоёр байгууллага ахмуудад зориулан тус тусдаа, бие даасан шинжтэй үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2017 оноос үйл ажиллагаагаа нэгтгэлээ.
Аймгийн Засаг даргын Ахмадуудын холбооны дарга нартай хийсэн гэрээнд Архангай аймгийн нийт ахмадуудыг ямар нэг улс төржсөн хандлага гаргахгүй, алагчлахгүйгээр тэдэнд тохирсон сургалт мэдээлэл явуулах, соёл урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг тусгажээ. Энэхүү гэрээг дээрх төрийн бус байгууллагууд талархан хүлээн авчээ.
Аймгийн Ахмадын хорооны дарга О.Даваасүрэн: “Ерөөс нэг зорилгын төлөөх хоёр байгууллага нэгдэж байгаад баяртай байна. Ахмадын өргөө бол ахмадуудын хоёр дахь гэр. Энэ өргөөндөө хэн хэдийд нь ч ирээд үйл ажиллагаанд оролцоход чөлөөтэй” гэсэн бол аймгийн Ахмадын Чөлөөт холбооны дарга Б.Сэр-Од: “Аймаг дахь ахмадын хороод улс төржилгүйгээр хамтран ажиллах бололцоо олгосон Засаг даргадаа баярлалаа. Цаашид ахмадуудад чиглэсэн олон талт ажилдаа амжилт гаргах л үлдлээ” гэлээ.
Б.Баясгалан