Завханд Хамтын хүч-хөгжлийн гарц чуулга уулзалт үр дүнтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-16 17:53:55

"Хамтын хүч-Хөгжлийн гарц"-Завхан аймгийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо.

Чуулга уулзалтанд Завханы 24 сумын 460 орчит эмэгтэйчүүд оролцжээ. Мөн урилгаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, редактор Ж.Бямбаа, Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын уулын спортын мастер Б.Гангаамаа, Уран хатгамалчдыг дэмжих Эгнэшгүй санаа Төрийн бус байгууллагын тэргүүн, хүний их эмч З.Цэнгэлсайхан нар оролцож хөдөлмөрлөхийн гайхамшиг, бүтээлч санаа, эв нэгдэл, хамтын хүч оролцооны талаар үнэтэй санаа өгч хамтран ажиллаж, хөгжиж “ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ” болох зорилтыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Төр иргэний хамтын ажиллагааг өргөжүүлэх уриалгыг гаргалаа

“Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулга уулзалтаас бүсгүйчүүд цаашид хийх ажлын чиглэл, төр иргэн, төрийн бус байгуулагуудын хамтын ажиллагаа түншлэлийг бий болгох зорилготой уриалга гаргалаа.

Чуулганаар иргэд ашиг сонирхлоо илэрхийлэн дуу хоолой, хүчээ нэгтгэж, хөдөлмөрлөж бүтээж чадсанаар орон нутагтаа сэтгэл хангалуун амьдрах боломжтой гэж дүгнэлээ. Мөн төр, иргэний нийгмийн байгуулагуудын хамтын ажиллагаа, эв нэгдэл, нэгдсэн бодлого зорилго зорилт чухал гэж үзэв. Бид /эмэгтэйчүүд/ улс төр, эдийн засаг, төсөв санхүү, хууль, эрх зүй, эрүүл мэнд, технологийн талаарх мэдлэг чадвараа сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ийнхүү гурван бодлогын хүрээнд 20 зорилтыг дэвшүүлсэн уриалгыг гаргаж 2017 онд хэрэгжүүлэхээр боллоо. Тухайлбал төрийн бодлогоор иргэдийн бүтээлч оролцоог дэмжих талаар эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, иргэдийн /эмэгтэйчүүдийн/ хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлийг үр ашигтай төсөл хөтөлбөр, брэнд бүтгээдэхүүнийг дэмжиж олгодог байх зорилт тавьжээ. 

Мөн эмэгтэйчүүдийн бизнесийн болон технологийн мэдлэг, ур чадварыг сайжруулах нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлийн үйл ажиллагаанд түлхүү хамруулах. Түүнчлэн төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор төр, иргэн, иргэний нийгэм бизнес эрхлэгчдийн түншлэлийн зарчимыг өргөжүүлэх. Иргэний эрх зүйн зохицуулалт бүхий хуулиудын хэрэгжилтийг иргэний нийгмийн байгуулагуудаар үнэлүүлэх, /Захиргааны ерөнхий хууль, Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль /-уудын хэрэгжилтийг сайжруулах, хуулийн төсөлд санал өгөх үйл явцад идэвхитэй оролцох. Аймаг, сумдын ИТХ, Засаг даргаас гаргаж байгаа ажлын хэсэг, хороо зөвлөлийн бүрэлдэхүүнийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн заалтанд нийцүүлэх. Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн байгуулага болон Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр эмэгтэйчүүдийн байгуулага, хөдөлгөөнүүд сүлжээ байгуулж хамтран ажиллах, санхүүгийн эх үүсвэртэй болох. Нийгэмд зөв хэвшлийг төлөвлшүүлэхэд хувь нэмрээ оруулах /зөв хооллолт, хөдөлгөөн, үйл ажиллагаа/, ахмадын болон бусад холбоодын үйл ажиллагааг үнэлж, шинэчлэл хийх. Ногоон төгөл, цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцох. Сайн засаглалын 7 зарчмыг баримтлан оролцоог нэмэгдүүлэх, лидер эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж залуу эмэгтэйчүүдийг нийгэмд таниулж, бэлдэх гэхчлэн зорилтыг тунхагласан уриалгыг гаргажээ.

Завханы манлай эмэгтэйчүүд тодорлоо

Хамтын хүч-хөгжлийн гарц чуулганы үеэр МЭХ-ны Завхан салбараас салбар бүрийн манлай эмэгтэйчүүдээ тодруулж урамшууллаа.

Ийнхүү Завханы санхүү банкны салбарын манлай эмэгтэйгээр мэргэшсэн нягтлан бодогч Хөдрөг цэцүүх ХХК-ний нягтлан бодогч Д.Базаргарам, төрийн үйлчилгээний салбарын манлай эмэгтэйгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мастер тогооч Д.Тунсаг, хууль эрх зүйн салбарын манлай эмэгтэйгээр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням, боловсролын салбарын манлай эмэгтэйгээр биофизикч биологийн багш Г.Сарантуяа, эрүүл мэндийн салбарын манлай эмэгтэйгээр Одчим эмнэлгийн дарга Н.Ариунсайхан нар тодорчээ. Харин худалдаа үйлчилгээний салбарын манлай эмэгтэйгээр оёдолчин Ч.Алтансүх, мал аж ахуйн салбарын манлай эмэгтэйгээр Идэр сумын малчин Д.Надмид, үйлдвэрлэлийн салбарын манлай эмэгтэйгээр Ц.Намжилмаа тус тус тодорчээ.

Дашрамд манлай малчин эмэгтэй Д.Надмид нь сумынхаа сургууль цэцэрлэгт жил бүр 500 литр сүү, 200 кг аарц, 150 кг зөөхийг тогтмол хандивладаг ажээ. Мөн үйлдвэрлэлийн салбарын манлай эмэгтэй Ц.Намжилмаа нь хөгжлийн бэрхшээлтэй хэдий өөрийн урладаг гутлыг сумынхаа брэнд болтол хөгжүүлж Сэлэнгэ, Улаанбаатар, Говь-Алтай, Төв аймгийн хэрэглэгчдэд хүргэдэг болжээ. Энэ жилийн спорт, соёл урлагийн салбарын манлай эмэгтэйгээр МУГТ, ОУХМ Б.Гангаамаа тодорчээ. Тэрээр өнөөдрийн байдлаар дэлхийн долоон тивийн ноён оргилд амжилттай авираад буй юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ