Хэнтий аймгийн бүх сумдад “Лэнд менежер” программ нэвтрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өнгөрөгч онд газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программ хангамжийг 18 суманд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Энэ хүрээнд сумдын газрын даамлуудыг иж бүрэн компьютор, тоног төхөөрөмжөөр хангаж, сургалт зохион байгуулж, Газрын “Цахим бирж” мэдээллийн санг нэвтрүүлсэн байна.
Ингэснээр тус санд газар эзэмших эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зар мэдээ, зах зээлийн үнийн мэдээ, барьцааны бүртгэл зэрэг 16 сумын нийт 228 мэдээллийг оруулан ажиллаж байна.
Энэхүү “Цахим бирж”-ийг ашиглан 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын хэмжээнд анх удаа газар эзэмших эрхийн дуудлага худалдааг цахим хэлбэрээр Чингис хотод амжилттай зохион байгуулсан аж.
Тус хамт олон Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас зарласан “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлаар 2016 оны “Оны шилдэг байгууллага”-аар шалгарсан амжилтаар 2017 оноо угтан ажиллаж байна.
Д.Одонтунгалаг