Монгол Улс Далай ламаас нүүр буруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2017-01-05 13:56:52

БОСТОН. /bostonglobe/. Монголын удирдагчид хэдэн зууны өмнө Далай ламыг тодруулахад гол үүрэг гүйцэтгэсэн боловч өдгөө түүнийг дахин урьж залахгүйгээр шийджээ.

Далай ламтай холбоотой асуудлаас үүдэн Хятадаас шахалт ирж, Монголд хүндрэл учирч байгааг тус улсын Гадаад хэргийн сайд өнгөрсөн сард мэдэгдэл хийхдээ хэлсэн билээ. 

Өнгөрсөн 11 дүгээр сард Далай ламыг хүлээн авсандаа Монголын Засгийн газар “харамсч” байгаа бөгөөд энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам дахин Монголд айлчлахгүй гэж Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил "Өнөөдөр" сонинд ярилцлага өгөхдөө дурдсан тухай “Bloomberg” телевиз мэдээлэв.

Монгол Улс Далай ламыг дахин урин залахгүй гэсэн нь зарим эрдэмтдийг гайхшралд оруулаад байна. Учир нь Монгол Улс 1500-аад оноос хойш Далай ламтай гүн гүнзгий харилцаатай байсаар ирсэн билээ. Далай гэдэг нь монголоор далай тэнгис гэсэн утгатай үг юм.

Монголын Засгийн газар Далай ламыг уриагүй, тэрбээр шашны зорилгоор тус улсад айлчилсан хэдий ч БНХАУ уг айлчлалыг эсэргүүцсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал Монголын албаны хүмүүстэй хийх гэж байсан уулзалтуудаа цуцалжээ.

Энэтхэгт амьдарч байгаа Далай ламын айлчлалыг хориглох зорилгоор Хятадын зүгээс олон орныг, тэр дундаа Өрнөдийн зарим орнуудад шахалт үзүүлж байсан билээ. Хятадын Коммунист намын удирдлага Далай ламыг Түвдийн салан тусгаарлах үзлийг дэмжигч дайснаа хэмээн үздэг бол Далай лам Түвдийг илүү автономит эрхтэй болгох зорилготой гэдгээ илэрхийлсэн юм.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсад үзүүлэх Монголын хариу үйлдэл нь нэг талаараа таамаглах боломжтой байсан юм. Учир нь тус улс эдийн засгийн асуудлаа зохицуулахаар хичээж байгаагийн зэрэгцээ Бээжингээс зээл авах зорилготой байгаа билээ. Монгол Улс хүнд байдалд орохоосоо өмнө эдийн засгийн хувьд маш өндөр өсөлттэй байсан юм.

Үүний зэрэгцээ Монгол Улс хөрш ОХУ, БНХАУ хоёроос зайгаа барихыг оролдож, АНУ-ын цэргийн түнш болсон. Мөн уламжлалт буддын шашинтай монголчууд Түвдийн буддын шашин болон Далай ламын түүхтэй эрт цагт холбогдсон боловч Гадаад хэргийн сайдын хийсэн мэдэгдэл нь зарим түүхчид, Түвдийн талыг баримтлагчдыг гайхшралд оруулжээ.

Колумбын их сургуулийн орчин үеийн Түвдийг судалдаг түүхч Роберт Барнетт дүгнэн хэлэхдээ “энэ үйл явдал нь Хятадын зүгээс үзүүлэх дарамт шахалтыг дипломат аргаар тогтоон барих боломж дэлхий даяар улам бүр хумигдаж байгаагийн нэгэн жишээ юм. Мэдээж, томоохон гүрнүүдийг бодвол Хятадын далайд гарцгүй, жижигхэн хөршүүдэд энэ нь бүр ч амаргүй” гэжээ.   

Хятадын умард хэсгийг захирч байсан 16 дугаар зууны үеийн Монголын удирдагч Алтан хааны үеэс Далай ламын нэр олонд түгсэн билээ. Тухайн үед Мин гүрний үеийн хан угсааны хаан Хятадыг захирч байжээ.

Үүнээс гурван зууны өмнө Юань гүрнийг байгуулсан Хубилай хаан Түвдийн буддын шашныг сонирхож, түвд багшийг урин залж байжээ.

1577 онд Түвдийн бурхны шашны Гэлүг хийдийн тэргүүн өөрт нь бараалхсаны дараа Алтан хаан буддын шашныг монголчуудын дунд албан ёсоор түгээжээ. Улмаар Алтан хаан Далай лам буюу “оюун ухааны далай” нэрийг хайрласан байна.

Энэ нь Монгол болон Түвд, Монголын удирдагчид болон Гэлүг хийдийн хооронд харилцаа тогтоосон үйл явдал юм. Энэ цагаас хойш Далай ламын байр суурь Ази тивд тархаж, улс төрийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Алтан хаанд бараалхсан Гэлүг хийдийн тэргүүний өмнөх хоёр тэргүүн мөн адил Далай лам гэсэн цол хүртжээ. /2016.12.31/

/https://www.bostonglobe.com/news/world/2016/12/31/mongolia-with-deep-ties-dalai-lama-turns-from-him-toward-china/WPXkZmC0C0YMb4aQYML9AI/story.html/

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ