“Х NEWS” сэтгүүл худалдаанд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-04 15:36:40

Монгол Улсын 2011, 2013 оны орон нутгийн шилдэг хэвлэл “Хэнтийн мэдээ” сонины хамт олон “Х NEWS” сэтгүүлийнхээ цоо шинэхэн дугаарыг шинэ он, шинэ эрч хүч, шинэ мэдээллийн хамт уншигчдынхаа гарт хүргэжээ.

Хэнтий аймгийн анхны, чөлөөт гэсэн тодотголтой тус сэтгүүлээс Хэнтий нутгийн зон олны аж амьдрал, ажил үйлс, хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил гээд амьдралын олон “өнгө”-ийг нэг дор "өнгөт"-өөр тольдох боломжтой юм.

Энэ удаад “Дугаарын зочин”-оор УИХ-ын эрхэм гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, Азийн хүлэг улс бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Л.Оюун-Эрдэнэ болон Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн уригдсан байна.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцах үйл хэрэгт ард түмнээ төлөөлөн оролцсон АИХ-ын депутатуудаа “Хүндэтгэлийн хоймор”-тоо тэд залжээ.

Улиран одож буй 2016 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж буй АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бүжиг ангийн хамт олон, Пауэрлифтингийн дэлхийн аварга, ШШГА-ны дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ, 2016 оны топ 16 үйл явдал зэргийг энэ дугаартаа онцолсон байна.

Мөн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинэхэн ажил албанд томилогдоод буй аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат нарыг сэтгүүлдээ урьж, ирээдүйд хийж бүтээхээр төлөвлөсөн ажил үйлсийнх нь талаар ярилцжээ.

Ид залуухан 30 настай, МУГТ Т.Батчимэгийн оюуны спортод од болон гялалзаж яваа түүхийг та "Х NEWS" сэтгүүлээс уншаарай.

Д.Одонтунгалаг

 

 

 

 

Холбоотой мэдээ