Хятадын гаальчид 3 тонн панголины хуяг илрүүлэн хураажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-28 16:19:15

ЛОНДОН./BBC/. Шанхай хотын гаальчид панголин буюу хуягт гүрвэлийн 3 тонн хуягийг нууцаар нэвтрүүлэх гэсэн оролдлогыг таслан зогсоожээ.

Ийм хэмжээний хуяг хар зах дээр 2 сая долларын үнэд хүрэх гэнэ. Кератин хэмээх эвэрлэг бодисоос тогтох онцгой төрлийн хайрсан хуягтай энэ амьтны эд эрхтнийг Нигери улсаас импортолж буй модон эдлэлээр дүүргэсэн чингэлгүүдэд нуусан байжээ. Чингэлгүүдэд нийтдээ 7500 орчим ширхэг хуяг байсан аж.

Устаж үгүй болоход тун ойрхон байгаа панголины эд эрхтнийг нууцаар наймаалах явдал газар авсаар байна. Азийн орнуудад энэ амьтны хуягийг уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг аж. Хуяг нь олон төрлийн өвчнийг анагаахад тустай гэж үздэг боловч анагаах ухаан үүнийг нотлоогүй юм.  

Хятадын хэвлэлүүдэд бичиж байгаагаар, панголины нэг кг хуяг 700 долларын үнэд хүрдэг ажээ. Тус улсад хуягт гүрвэлийг худалдахыг хориглож, устаж үгүй болох эрсдэлд орсон амьтдын жагсаалтад оруулсан байна. Гэсэн хэдий ч Хятадын фермийн аж ахуйнуудад энэ амьтныг үржүүлдэг гэнэ.  

Г.Доржханд  

Холбоотой мэдээ