Утааны эсрэг ээж, аавуудын жагсаалд зөвшөөрөл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-12-21 17:16:48

Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг эсэргүүцсэн ээж, аавуудын тайван жагсаалыг энэ сарын 26-ны даваа гарагт зохион байгуулах болжээ.

Агаарын бохирдол Улаанбаатар хотод зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин ихэссэн, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өвлөлийн зохилон шалтгаан болж байна гэж үзэн зарим эцэг, эхчүүд өөрсдийн санаачлагаар фэйсбүүк дэх "Утааны эсрэг ээж, аавууд" фэйсбүүк групп, "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо" гэсэн хуудас байгуулаад байгаа юм. Тус холбооноос ирэх даваа гарагт төв талбайд тайван жагсаал хийх санаачлага гаргаж, хүсэлтээ энэ сарын 19-нд НЗДТГ-т хүргүүлсэн. Хүсэлтийн хариу өнөөдөр гарч, даваа гарагт 12:00-14:00 цагийн хооронд жагсаал хийх зөвшөөрөл олгосон байна. 

Тус холбооноос жагсаалд 20 гаруй мянган хүн хамрагдана гэж тооцоолж байгаа бөгөөд уриалгадаа "Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас руугаа байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо. Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хэчнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол? Эдгээр зовлонг тойрж гараагүй гэр бүл Улаанбаатарт байна уу? Энэ бүхний эсрэг нэгдэн нийлж эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийж, дуу хоолойгоо хүргэе" гэжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ