“Хүүхдэд Ээлтэй Дүүрэг” хөтөлбөр үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНалайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өчигдөр буюу энэ сарын 20-нд НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч ноён Роберто Бенстэй уулзаж “Хүүхдэд Ээлтэй Дүүрэг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохирчээ.
Өнгөрсөн оноос хэрэгжиж буй уг хөтөлбөр Налайх дүүргийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, усны аюулгүй байдал ариун цэвэр болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Уулзалтын үеэр Засаг дарга Ч.Раднаабазар, “Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг энэ сарын 19-нд батласан. Энэ хүрээнд “Хүүхдэд Ээлтэй Дүүрэг” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Налайх дүүрэг хүүхэд, залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллах болно" хэмээв.
Шинэ оны эхээр "Хүүхдэд Ээлтэй Дүүрэг” хөтөлбөрийн 2017 оны төлөвлөгөөг хамтран батлахаар тохиролцлоо.
Ч.Ариунболд