Уимблдоны хошой аварга теннисчин халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-12-21 07:47:36

ЛОНДОН./BBC/. Чехийн Простеев хотод амьдардаг Уимблдоны хошой аварга теннисчин Петра Квитова руу хутга барьсан этгээд халдаж, түүний зүүн гарын дөрвөн хурууг гэмтээсэн хэрэг гарчээ.

Квитова эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүний авсан шарх амь насанд нь аюулгүй гэж теннисчний хэвлэлийн төлөөлөгч Карел Тейкал мэдэгдлээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, халдлага үйлдсэн этгээд 35 орчим насны эрэгтэй хүн байжээ.

Квитовагийн ярьснаар, орон сууцны хийг шалгаж байна хэмээн нэгэн эрэгтэй хэлээд түүний гэрт орж ирсэн байна. Уг этгээд энэ байранд Квитова амьдардаг гэдгийг мэддэггүй байсан учраас ихэд гайхсан байдалтай байв. Тэрбээр гэнэт хутга гаргаж ирэн, Квитовагийн хоолойд тулгажээ. Харин тамирчин бүсгүй бие бялдрын хөгжил сайтай учраас дээрэмчинтэй ноцолдсон байна. Энэ үед Квитовагийн зүүн гарын дөрвөн хуруу хутганд зүсэгджээ.

Тамирчин бүсгүйг эмнэлэгт яаралтай хүргэж, сэжигтнийг эрэн сурвалжилж байна.    

Петра Квитова 2011 болон 2014 онд хоёр удаа Их дуулгын тэмцээнд түрүүлж байсан юм. 26 настай тэрбээр Дэлхийн эмэгтэй теннисчдийн холбооноос зохион байгуулдаг 19 тэмцээнд аваргалж байснаас гадна 2011 онд дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байжээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ