Үүсгэн байгуулагчид сургалтад хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-20 00:07:20

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 83,113 дугаар тогтоолоор “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийг сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчаар ажиллах хуваарь”-ийг баталсан бол аймгийн Засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг байгуулахад мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. 

Уг ажлын хэсгээс эрхлэн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд болон төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад ”Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийг танилцуулж холбогдох мэдээлэл хийлээ. 

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ:-“Аймгийн ИТХ-ын дахин сонгуулиар эрх нь баталгаажсан Төлөөлөгчид орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн зөвлөлд үүсгэн байгуулагчаар ажиллах үүрэгтэй. Сургууль, цэцэрлэгүүдийн зөвлөл нь тухайн сургуулийн өөрийн онцлогт тохирсон “Хөгжлийн бодлого төлөвлөлт”-ийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургуулийн болон захирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж үнэлэлт, дүгнэлт өгч туслах, сургалтын ажлын чанарыг сайжруулах санал боловсруулж багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалахад чиглэдэг. Ингэснээр багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэх юм” гэв.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ