ЗАВХАН: Найм, есдүгээр сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-22 17:40:29

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутгийн баруун хэсгээр долоодугаар сард хур тунадас бага байх тул хэт халалтаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав.


Долоо, наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу бага орох төлөвтэй байна.


Есдүгээр сард агаарын температурын болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Зуны саруудад хур тунадас дунджийн орчим орох төлөвтэй байгаа хэдий ч гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин гэнэт нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


Долоодугаар сард, сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн зүүн өмнөд хэсгээр +12+16 градус, говийн нутгаар +20+24 градус, бусад нутгаар +16+19 градус дулаан байдаг.


Орох хур тунадасны хувьд сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар хангайн уулархаг нутгаар 50-70 мм, говь талын нутгаар 10-30 мм, бусад нутгаар 30-50 мм ордог байна.


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, долоодугаар сарын нийлбэр хур тунадас нутгийн баруун зах хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна. Аймгийн нийт нутгаар наймдугаар сард сарын дундаж агаарын температур ОЖД-аар говь, талын нутгаар +16+20 градус дулаан, бусад нутгаар +10+15 градус дулаан байдаг.

Энэ жилийн тухайд наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна.  


Орох хур тунадасны хувьд сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар говийн нутгаар 10-30 мм, бусад нутгаар 40-60 мм ордог байна. 8 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна.


Аймгийн нийт нутгаар 9-р сард, сарын дундаж агаарын температур ОЖД–аар хангайн уулархаг нутгаар +2+6 градус, бусад нутгаар +8+14 градус дулаан байдаг. 9-р сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Аймгийн нийт нутгаар 9-р сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар говь талын нутгаар 10-15мм, бусад нутгаар 16-20 мм ордог. 9-р сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёог хэрэглэдэг.


Харин дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.


Тиймээс амралт, аяллын энэ улиралд иргэд, аялагчид тухайн бүс нутгийн цаг агаарын мэдээллийг судалж, аяллын бэлтгэлээ хангах нь олон талын эрсдэлээс хамгаалж чадна гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ