Киргизэд морин хуурын үзэсгэлэн гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-22 16:39:07

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” морин хуурын үзэсгэлэнг Бишкек хотноо дэлгэв.


Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад улсад хийж буй төрийн айлчлалуудын хүрээнд Морин хуур найрал хөгжим, Үндэсний урлагийн их театрын тоглолтыг зохион байгуулж, үүний зэрэгцээ морин хуур урлалын шилдэг бүтээлийн дээжсээр үзэсгэлэн гаргаж байна. Энэ нь хүн төрөлхтний соёлын биет бус өв, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон морин хуурыг олон улсад сурталчлан таниулахад онцгой ач холбогдолтой юм.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны зарлигийн хүрээнд морин хуур урлалын салбар эрчимтэй хөгжиж байна. Мөн “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ жилийн 7 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэсэн билээ.






Холбоотой мэдээ