Тулгамдаж байгаа асуудлыг "Иргэний танхим"-д хэлэлцдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн иргэдийн дунд тулгамдаад байгаа асуудлыг "Иргэний танхим"-д иргэд цуглан асуудлыг ярилцдаг, шийдвэрлэдэг болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа.
Өнгөрч байгаа энэ 2016 онд Булган аймгийн иргэний танхимд 22 удаа хэлэлцүүлэг хийжээ. Хэлэлцүүлэг тус бүр дээр Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгал, ЕБС, цэцэрлэгүүд, МХГ, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын газар гэх мэтчилэн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг нь оролцуулан иргэдтэй илэн далангүй хэлэлцүүлжээ.
Энэ үеэрээ архидалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мал малчдын асуудал зэрэг тулгамдаад байгаа бэрхшээл, хүнд суртал гаргаж байгаа газруудыг авч хэлэлцэж удирдах албаныханд иргэдийн санал бодол дуу хоолойг хүргэж байна. Түүнчлэн 9 удаа сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг сургалтад нийт 696 хүн хамрагджээ. Иргэний танхим нь "Аймгийн ИТХ-аар хэлэлцэгдэх төсөл хөтөлбөрүүд, тулгамдсан асуудлыг ард нийтээр хэлэлцүүлж, иргэдийн санал бодол байр суурийг тусгах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй, хяналттай, хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэх" зорилго дор үйл ажиллагаа явуулдаг юм байна.
П.Батням