Канадаас Өвөрхангайд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-16 16:50:25

Энэ сарын 13-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр манай аймагт айлчилж, аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Элчин сайд Эд Жэйгэр өмнө нь Өвөрхангай аймагт ажиллаж байсан ч Арвайхээр хотод анх удаа хүрэлцэн ирж, албан ёсны айлчлал хийж байгаагаа уулзалтын үеэр онцолсон юм. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Өвөрхангай аймгийн талаар товч танилцуулж, мөн Монгол, Канад хоёр улсын хоорондоо төстэй, онцлог талуудын талаар харилцан санал солилцож түүндээ түшиглэн цаашид ямар салбар дээр хамтран ажиллаж болохыг ярилцав.

Мөн аймгийн Засаг дарга уулзалтын үеэр гадаадын олон төсөл хөтөлбөрүүд Монголд хэрэгжиж байгаа ч ихэвчлэн сургалт, мэдээлэл хийх хэлбэрээр хэрэгжиж байгаа нь яг бодитой дэмжлэг болж чадахгүй байгаа талаар саналаа хэлсэн юм. Элчин сайд Эд Жэйгэр “Бэлэн загас өгөх биш, загас барих аргыг нь зааж өгөх нь чухал. Мөн гадны төсөл хөтөлбөрүүд ихэвчлэн хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хотод хэрэгждэг. Миний хувьд хөдөө, орон нутаг руу хандсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Өвөрхангай аймагт олон салбарт төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна” гэлээ. 

Канад Улсаас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр санхүүжүүлэн хэрэгжүүлдэг учраас Өвөрхангай аймагтай хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг Элчин сайд хэлж байв. Аймгийн Засаг дарга Г.Ганболд цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, бодитой дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэн, Канад Улсын Элчин сайд ч талархалтай хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ