Монгол Улс Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг амжилттай даргаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-13 20:18:34

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-г 2016 онд Монгол Улс амжилттай даргаллаа.

АСДҮОУХ-гийн Зөвлөлийг Монгол Улс 2016 онд даргалахдаа түүний үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, дарга орны хувиар олон улсын арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй улс төрч, зүтгэлтнүүдийг урьж оролцуулах, сонгуулийн ажиглагчдын сургалтын төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллаж, тодорхой ахиц, үр дүнтэй ажилласан гэж үзэж байна.
Стокгольм хотноо 12 дугаар сарын 8-9-ний өдөр болсон АСДҮОУХ-гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 25 дугаар хуралдааныг Монгол Улс даргалан хуралдуулав. Хуралдаанаар 2017 онд АСДҮОУХ-ийн гишүүн орнуудын Зөвлөлийн даргаар Перу Улс, тэргүүн дэд даргаар Монгол Улсыг тус тус санал нэгтэй сонгосон байна.
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ) буюу International IDEA нь ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага юм. Монгол Улс АСДҮОУХ-д 2011 онд гишүүнээр элссэн.

Холбоотой мэдээ