Сийлбэр бол тэвчээр шаардсан урлаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭнэ үгийг сийлбэрч Д.Энхтайван хэлсэн. Тэрээр механикч мэргэжилтэй ч өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 10 шахам жил модоор төрөл бүрийн эд зүйл хийж, хэдийнээ олонд танигдсан хүн. Түүний анхны бүтээл нь модон шатар байж, түүнийгээ гаднын хүнд тун боломжийн үнээр худалдаж, одоогийн мужаан цехийнхээ эхлэлийг тавьж байжээ. Тус цехийнхэн Дорнодын ард иргэдийн захиалгаар монгол ахуй шингэсэн төрөл бүрийн эд зүйл хийж нийлүүлж байна.
-Модон сийлбэр бол маш их тэвчээр шаардсан урлаг. Цаг хугацаа их зарцуулна. Бодож сэтгэхээс гадна зурна, гарын ур дүй чухал. Модныхоо ширхэгийг зөв дагуулж сийлнэ. Тухайн хүнээс маш хянамгай болгоомжтой ажиллагааг шаарддаг гэж сийлбэрч Д.Энхтайван ярьсан.
Сүүлийн үед хүмүүс үндэсний ёс заншил, хэв маягийг хадгалсан гэрийн тавилга хэрэглэхийг эрмэлзэх болсон болохоор тус цехийнхний хувьд захиалга тасрахаа больжээ. Бурханы гүнгэрваанаас эхлээд идээний цар, монгол гэрийн зориулалттай ширээ, сандал, морин хуурын захиалга ихээр ирэх болсон гэнэ.
Модон эдлэл гэдэг хүний насан туршийн хэрэглээ учир сийлбэр бүртээ сэтгэлээ шингээж, үйлчлүүлэгчдийнхээ урмын үгээр улам ихийг хийж бүтээхийг зорьж яваа Дорнод нутгийн баялаг бүтээгчдийн нэгэн төлөөлөл бол Д.Энхтайван юм.
Б.Туяа