Ойн тогтвортой менежментийн загварыг бий болгох нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-12-09 16:08:38

Монгол орны ойн нөөц, баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар эрдэмтдийн саналыг сонсч, төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв, оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн БОАЖЯ-наас “Ойн эрдэмтдээ сонсоё” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг нээж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлэхдээ, “Ойн нөөц, баялгийг хамгаалах, нөхөн сэргээхэд олон улсын жишгийн дагуу “Ойн тогтвортой менежмент”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид ойрын ирээдүйд ойн салбарын хүрээнд баримтлах үйл ажиллагааны чиг хандлагаа тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Ой хамгаалал, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны зардлыг ой ашиглалтын орлгоос нөхөх чадавхитай өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ой модны салбарыг бий болгох, ойн хөнөөлт шавьж, өвчин, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй дэвшилтэт арга, технологиор тэмцэх зэрэг чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Энэ үеэр эрдэмтэд өөрсдийн хариуцсан салбар чиглэл бүрээр ойн баялгийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар шинжлэх ухаанд суурилсан санал зөвлөмж, байр сууриа илэрхийлэв.

Тэд Монгол орны ой маш их хөгширсөн, нөөцөөр ядмаг, ой бага ашиглагдсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойн тогтвортой менежментийн загварыг бий болгох нь хамгийн тулгамдсан асуудал болж байгааг хэлж байлаа. Мөн манай орны ойн 80 орчим хувь нь хөгшин модноос бүрдэж байна гэсэн судалгааны дүн гарсан учраас ойгоо эргэлтэд оруулах, эрүүл болгох, залуужуулах шаардлагатай аж.

ШУТИС-ийн зөвлөх, Монгол Улсын гавъяат багш Н.Долгорхүү “Ойн үйлдвэрлэл, мод боловсруулах технологи” сэдэвт  илтгэлдээ 1990 оны алдаатай бодлого, хувьчлалаар модны салбар уналтад орсныг дурдсан юм. 1990 онд модны үйлдвэрийн салбар ДНБ-ий 14-15 хувийг бүрдүүлдэг байсан бол өнөөдөр  хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа нь сүүлийн 30 жилд нэг ч мод боловсруулах үйлдвэр байгуулж, шинэ технологи нэвтрүүлээгүйтэй холбоотой гэсэн юм.

Мөн МУИС-ийн Хэл шинжлэлийн ухааны их сургуулийн багш Н.Баатарбилэг ойн чиглэлээр бэлтгэгдэн төгсч буй мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Бусад оронд Ойн факультет гэж байхад Монголд нэг ч факультет байдаггүй. Тиймээс Ойн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах зөвлөл байгуулахад яамнаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ийнхүү эрдэмтэд судлаачид өөр өөрсдийн санаа бодлыг БОАЖЯ-нд уламжиллаа.

Уулзалтад тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, МУИС, ХААИС, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид болон Монгол орны UN-REDD хөтөлбөрийн газрын 50 гаруй эрдэмтэн судлаач оролцов.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ