Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун гэж өөрчлөх шалтгаан нь юу вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-11-23 15:32:43

Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар “Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оруулж хэлэлцүүлсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байна.

 Тиймээс “Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах болсон шалтгаан, үзэл баримтлалыг нь судалж, танилцсан юм. 

Тогтоолын төслийн танилцуулгад дурдсанаар товчхондоо Дэлхийн өвөөр бүртгэгдсэн Бурхан халдун уул нь Монгол Улсын газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдээгүй байдаг аж. Өөрөөр хэлбэл бидний нэрлэж, хүндэлж заншсан Бурхан халдун уул нь Хан Хэнтий уулын нэрээр газрын зурагт тэмдэглэгдсэн байдаг учир ийн өөрчлөх шаардлага гарсан гэж тайлбарлажээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргаж байсан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Улмаар БНФУ-ын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаас энэхүү газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг албан ёсоор хүлээн авсан юм. 

Дэлхийн өвөөр бүртгүүлэхийн өмнө Дэлхийн өвийн төвөөс Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) болон Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS) гэсэн хоёр зөвлөх байгууллагаар үнэлгээ хийлгэхээр болж 2014 оны 9 дүгээр сард дээрх хоёр байгууллагаас тус бүр нэг эксперт манай улсад ирж, нэр дэвшиж байгаа газар нутгийг судлан танилцаад зарим үл ойлголцох асуудал гарч байгааг тэмдэглэсэн байна. 

Тодруулбал, Бурхан халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдэж байгаагүй болон зарим эрдэмтэн, судлаач хэд хэдэн байршилд Бурхан халдун уул байгаа гэсэн зөрүүтэй мэдээллээс шалтгаалан Бурхан уулын байршил тодорхойгүй, нэр дэвшүүлж байгаа уул нь Бурхан халдун гэдэг нь баттай нотлогдохгүй байна гэж үзэж байжээ. 

Гэсэн ч эрдэмтэн, судлаачдын гаргасан үндэслэлийг хэлэлцсэнээр шинжээчид нэмэлт мэдээлэл авч, олон талаас нь судалсны эцэст нэр дэвшүүлж буй уул нь Бурхан халдун уул мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

Иймээс өмнө нь үүсч байсан тодорхойгүй, зөрүүтэй байдлыг арилгах шаардлага манай улсад тулгарч байгаа учир Хан Хэнтийн нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /В=48°45’43.3844,  L=109°00’36.1315/ солбицолд байгаа д.т.д. 2,361.5 метрт орших “Хэнтий Хан уул” гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг “Бурхан халдун” уул болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Уг саналыг БОАЖЯ-наас боловсруулж, Газрын тухай хуулийн дагуу хилийн цэс, газар усны албан ёсны нэрийг зөвхөн УИХ баталдаг учир ийн тогтоолын төсөл өргөн барих болсон байна. 

Тогтоолын төсөл батлагдсанаар Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх юм байна. 
Мөн тогтоолын төсөл батлагдсан ч шинээр хамгаалалтын захиргаа байгуулахгүйгээр 1992 оноос хойш хамгаалж ирсэн Хан Хэнтий уулсыг тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулах нь зүйтэй гэж үзжээ.  

Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын газрын зураг дахь “Хэнтий Хан уул” гэснийг “Бурхан халдун” уул болгож өөрчлөн солих ажил хийх юм. 

Хан Хэнтийн нуруунд орших Дэлхийн өв соёл бүртгэгдэн, батлагдсан энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог. 

Бурхан халдун уулыг “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгууд” гэсэн нэрээр Дэлхийн өвд бүртгэж авсан ч энэ нь дан ганц Бурхан халдун уулыг бус түүнийг хүрээлэн орших бусад тахилгат газрууд болох Чингис хааны амьдралтай холбоотой түүхт газрууд, Түрэгийн жанжин Тоньюкукын гэрэлт хөшөө, Төгс баясгалант номын их хүрээ /Сарьдагийн хийдийн туурь/, Гүнжийн сүм, Өглөгийн хэрэм, Балдан бэрээвэн хийд, Биндэр овоо гэх мэтийн олон арван тахилга шүтлэгтэй газар нутгийг хамтад нь хадгалан хамгаалах шаардлага зүй ёсоор гарч байгаа аж.

Бурхан халдун уулаас монголчуудын шүтээн болсон Хэрлэн, Онон, Туул голууд эх аван урсах ба алдарт Хэрлэн болон Богдын голын нийлсэн хөндий, Хэнтий нуур, Босго тэнгэрийн даваа зэрэг “Монголын нууц товчоо”, бусад түүхэн эх сурвалжид дурдсан “Их газрын даваа”, “Их хааны энгэр”, “Их даваа”, “Их отго”, “Их уул” зэрэг нэртэй шүтлэгт газрууд олон байгаа нь монголчууд энэ газар нутгийг эртнээс бүхэлд нь тахин шүтэж байсны нэг тод илэрхийлэл юм.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ