НҮБ Сирид арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг баталж чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-22 17:37:29

НЬЮ-ЙОРК. /KAZINFORM/. Сири улсын эмнэлгүүд болон эрүүл мэндийн байгууллагууд агаарын цохилтонд өртөн ихээхэн эвдэрч сүйтгэгдсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэний дараа тус улсад хатуу арга хэмжээ авах тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүй Зөвлөл /АЗ/ баталж чадсангүй.

ОХУ болон АНУ Сирийн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаагийн улмаас тус зөвлөл хатуу арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг баталж чадаагүй бололтой.

ДЭМБ-ын Сири дэх төлөөлөгч даваа гарагт АЗ-ийн хуралдааны үеэр интернэтээр холбогдсон аж. Төлөөлөгч Элизабтет Хофф-ын хэлснээр, энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд Сирийн 126 эмнэлэг агаарын цохилт болон бусад халдлагад өртжээ. Дан ганц энэ сард л гэхэд тус улсын хойд нутгийн Алеппо хотод 11 эмнэлэг халдлагад өртсөн байна. Засгийн газрын хүчнийнхэн давшилтаа эрчимжүүлснээр Алеппогийн зүүн хэсгийн найман эмнэлэг бүгд агаарын цохилтонд өртөн үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Энэ хотын зүүн хэсэг нь засгийн газрын эсрэг хүчнийхний хяналтанд байдаг юм.

АЗ-ийн хуралдааны үеэр, Алеппогийн зүүн хэсэгт агаараас цохилт өгөхөө зогсоохыг Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газар болон ОХУ-аас АНУ шаарджээ.

АЗ арга хэмжээ авах тогтоолын төслийг баталж чадаагүй учир Сирид хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож болзошгүй гэж шинжээчид эмээж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ