“Huawei” хоёр жилийн дотор “Аpple”-ийг гүйцнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2016-11-07 12:25:04

БЭЭЖИН. /Reuters/. Хятадын “Huawei Technologies” компани хоёр жилийн дотор дэлхийн ухаалаг утасны зах зээлд хоёр дахь хамгийн том нийлүүлэгч болох зорилго тавьсан гэж тус компанийн хэрэглээний бизнесийн группын гүйцэтгэх захирал Ричард Ю “Reuters”-т өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Харилцаа холбооны  “Huawei” компани нь хэрэглээний төхөөрөмжүүдийн зах зээлд нэвтэрч ороод хэдхэн жил болж байгаа ч ухаалаг утасны зах зээлд дэлхийд гуравт эрэмбэлэгдэхээр том нийлүүлэгч болж чаджээ.

Тус компанийн өмнө “Apple” болон “Samsung Electronics” орж байгаа юм.

Германы Мюнхен хотод болсон шинэ гар утас танилцуулах ёслолын үеэр Ричард Ю ярихдаа “дөрөвхөн жилийн өмнө бид гар утас худалдаалахыг хүсч байна гэж хэлэх үед хүмүүс биднийг "галзуу байхаа "хэмээн гайхаж байсан. 100 сая ширхэг гар утас зарахыг хүсч байна гэж хэлэх тэр үед тэд биднийг галзуурчээ гэж байсан” гэлээ.

“Huawei” өнгөрсөн мягмар гарагт дээд зэрэглэлийн шинэ утсаа танилцуулсан бөгөөд нэг бүр нь 699 еврогийн үнэтэй бол “Porsche” загвараар зохион бүтээсэн хувилбар нь 1395 еврогийн үнэтэй аж. Уг гар утас нь шинэ хиймэл оюун ухаантайгаараа онцлог гэнэ. Тодруулбал, уг гар утас нь хэрэглэгчийн дадал зуршлыг мэддэгээс гадна хамгийн их ашигладаг аппликейшнуудыг автоматаар сонгох горимд шилждэг байна.

Судалгааны “Strategy Analytics” гэдэг байгууллагын мэдээлснээр, “Huawei” компани энэ оны гуравдугаар улиралд гэхэд зах зээлд 33.6 сая  ширхэг гар утас нийлүүлснээр зах зээлийн 9 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтээрээ тус компани дэлхийн гурав дахь том нийлүүлэгч болжээ.

Харин “Apple” компани 45.5 сая ширхэг гар утас нийлүүлснээр зах зээлийн 12 хувийг эзлэн 2 дугаарт жагсч байгаа бол “Samsung” компани 75.3 сая ширхэг гар утас нийлүүлэн зах зээлийн 20.1 хувийг эзэлснээр дэлхийд тэргүүлж байна.  

“Бид алхам алхмаар, шинэчлэлээс шинэчлэлд тэмүүлснээр “Apple”-ийг гүйцэх болно” гэж Ричард Ю хэлсэн байна. “Matte 9” гэдэг шинэ гар утас нь Герман, Франц болон Их Британи зэрэг Европын томоохон зах зээлүүдэд тэсрэлт хийж чадна гэж тэрбээр найдаж байгаа аж. “Финландад бид аль хэдийн борлуулалтаараа тэргүүлж байгаа” гэж тэрбээр мөн ярьжээ.

“Apple” шинэ бөгөөд гайхмаар загвартай гар утас гаргаж ирж чадахгүй байгаа бол “Samsung”-ийн нэрийн хуудас болсон гар утас нь ихээхэн хэл ам дагуулж байгаа зэрэг нь “Huawei”-д том боломж олгосон гэж Ричард Ю хэлээд “бид хэрэглэгчдийн итгэлийг алхам алхмаар олж авах болно. Энэ бол зөвхөн итгэлцэл хийгээд үнэнч байдлын тухай асуудал юм” гэв.  

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ