ХОВД: Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 0-6 см байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тавдугаар сарын 14-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулав.
Энэ арав хоногийн эхээр зарим газраар хур тунадастай, сүүлчээр салхи шуургатай байх төлөвтэй.
Энэ сарын 6,7-нд уулархаг нутаг болон их нууруудын хотгороор, энэ сарын 11-нд уулархаг нутгаар бага зэргийн бороо орно.
Салхи энэ сарын 6-нд ихэнх нутгаар, энэ сарын 7,10,11,12-нд зарим газраар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи нийт нутгаар секундэд 4-9 метр байх төлөвтэй.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө -4+1 градус дулаан, өдөртөө +7+12 градус, бусад нутгаар шөнөдөө +1+6 градус, өдөртөө +12+17 градус дулаан байна. Энэ сарын 8-наас нийт нутгаар дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 0+5 градус, өдөртөө +14+19 градус, бусад нутгаар шөнөдөө +6+11 градус, өдөртөө +22+27 градус дулаан байна.
Ховд аймгийн нутгаар ургамлын дундаж өндөр одоогоор 0-6 см байна.
Дуут, Дөргөн, Мөнххайрхан сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйжээ. Бусад сумын нутгаар хялгана, ерхөг, агь, шарилж, монгол сонгино зэрэг ургамлын цухуйлт жигдэрсэн байна.
Сумдад бод мал төллөж байна. Зарим суманд ямаа самнах ажил эхэлсэн. Мөн тарга тэвээрэг муу малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжилж байна.