Нийслэлийн 15 байршилд явган хүний зам тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-03 12:32:04

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна.


Өнөөдрийн байдлаар хоёр байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Энэ талаар Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүллээ. Үлдсэн зургаан байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө энэхүү төсөлд хамрагдах юм. Төслийн хүрээнд явган замыг явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, багачууд зорчиход хүндрэлгүй байхаар шийдсэн” хэмээн ярилаа.


Түүний хэлснээр шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй аж. Мөн явган замын хавтанг том хэмжээтэй буюу 30см x 60см болон 30см х 30см хэмжээтэй хийж байгаа юм. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй болох аж.








Холбоотой мэдээ