ЗАВХАН: Цасан болон шороон шуургатай тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-25 17:10:19

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завханы ихэнх нутгаар шороон болон цасан шуурга шуурна. Хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.


Хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.


Гэр, орон байрнаасаа зайлшгүй гарах тохиолдолд хүүхдээ асран хамгаалагчтай үлдээх. Төөрч, осгохоос болгоомжлох, нөмөр газар бараадах. Цас, хүйтэн агаараас хамгаалж малгай, бээлий өмсөх, ороолт зүүх, нүдний шил зүүх. Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.


3-р сарын 25-ны 20:00 цагаас 26-ны 20:00 цаг хүртэл нийт нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар ялимгүй цас орж, шуурна. Салхи баруун хойно болон хойноос секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.


Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -18-23 градус хүйтэн, өдөртөө -10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15-20 градус хүйтэн, өдөртөө -7-12 градус дулаан байна гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ. 


Холбоотой мэдээ