БУЛГАН: "Уран өд" дугуйлангаас үүссэн хүүхдийн уран зохиолын 3 дугуйлан хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Нийтийн номын сангаас Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан уран бүтээлчид, шүлэг найраг сонирхогч хүүхдүүдийн уулзалтыг аймгийн Утга зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгууллаа.
Уулзалтад МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт яруу найрагч Б.Цэрэнжамц, МЗЭ-ийн шагналт яруу найрагч "Булганы мэдээ" сонины эрхлэгч Н.Мөнхнаран, МЗЭ-ийн гишүүн Ч.Сувд, МЗЭ-ийн гишүүн Булган аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Б.Орхончимэг, "Сайхан Монгол" телевизийн захирал яруу найрагч Б.Мөнхбаатар, уран уншигч шүлэгч Х.Баясгалан, идэвхтэн уншигч шүлэгч Д.Нарантуяа нар болон шүлэг, яруу найраг сонирхогч эхлэн бичигч 30 гаруй хүүхдүүд оролцлоо.
Хүүхдүүд өөрсдийн зохиосон шүлэг бүтээлээ уншиж зөвлөгөө авсан төдийгүй цаашид бичиж бүтээх урмын галтай уулзалтыг өндөрлөлөө.
Булган аймаг нь Монголын утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Гавьяат багш МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт Д.Мандахсан багшийн санаачлан өдгөө ч хичээллэсээр буй 70 гаруй жилийн түүхтэй "Уран өд" дугуйлангаас үүссэн хүүхдийн уран зохиолын 3 дугуйлан хичээллэж байгаа билээ.
"Уран өд" дугуйлангаас Төрийн соёрхолт яруу найрагч зохиолч С.Оюун, МЗЭ-ийн шагналт Ж.Батцэцэг, МЗЭ-ийн шагналт Д.Ганчимэг, МЗЭ-ийн шагналт Л.Ганзул нар болон Хүүхдийн нэрт зохиолч Ц.Чинбат нарын олон зохиолч яруу найрагч төрөн гарсан юм.