Өнөөдөр-Дэлхийн усны өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-03-22 07:12:57

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарласан. Манай улс энэ өдрийг 2005 оноос тэмдэглэж, усны ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж, сурталчлан таниулахад анхаарч ирсэн билээ.


Усны өдрийг угтан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цэнхэр алт” үндэсний чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор өчигдөр зохион байгуулж, салбарын 1200 гаруй хүн оролцов. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг ирснийг тодотгосон бол БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа салбарын яам 2025 оныг "Мөсөн голуудыг хамгаалах олон улсын жил" болгон зарласныг дурдаад, устай холбоотой санаачилга бүрийг дэмжихээ илэрхийлсэн юм. 


Усны газрын дарга З.Батбаяр, “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голын талбай жилээс жилд багасаж байна. Манай улсын газрын доорх усны нөөцөөс 4 дахин их мөсөн гол хайлаад байна. Энэ үзэгдлийг тогтоон барих гарц нь усыг хуримтлуулах. Хатуу хэлбэрт байсан ус хайлж урсахад тогтоон барих шаардлага үүсэх нь гарцаагүй. Хамгийн гол нь айл өрхүүд цас, борооны усыг их, бага гэлтгүй хуримтлуулах хэрэгтэй” хэмээв. 


Борооны ус нийслэлийн 150 мянган айлын байшингийн дээврээр дамжин хөрсөнд нэвчин урсдаг. Хэрэв өрх бүр 200 литр ус тосвол ойролцоогоор 30 мянган тонн усыг цуглуулж, өрхийн ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээ зэрэгт ашиглах боломжтой аж.


Улаанбаатар хот 470,444 га нутаг дэвсгэртэй, дөрвөн сав газарт хамрагддаг. Нийслэлд 250 гаруй булаг шанд, хориод рашаан ус, 40 гаруй нуур тойром, 84 гол горхи бүртгэгдсэн байдаг аж

Холбоотой мэдээ