Ханхонгор сумын нутагт дахин газар хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-03-21 17:31:22

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 17:33 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Тус сумын орчимд өнөөдөр 15:19 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Улаанбаатар хотоос 587 км зайд оршдог Ханхонгор сумын нутагт болсон газар хөдлөлтийн төв нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс баруун зүгт 20 км, Хүрмэн сумын төвөөс хойд зүгт 26 км, Ханхонгор сумын төвөөс баруун урд зүгт 36 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. 


Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

 

Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

 

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.

 

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

 

Холбоотой мэдээ