Д.Оюунбадам:Төсвийн төсөлд орлогыг 16 хувиар өсгөснийг бууруулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-26 18:06:43

Монгол Улс 2017 оны төсвийн төслөө хэлэлцэж байна. Сорилтын энэ үед эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай хэрхэн давах вэ гэдэгт мэргэжилтнүүд эхнээсээ гаргалгаа хийж буй юм.

 Тэгвэл өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас “Монгол Улсын төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдвээр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

2017 оны төсөв 6 их наяд төгрөгийн төсвийн тэнцвэржүүлсэн орлоготой, зарлага 8.6 наяд төгрөгөөр хэмжигдэж 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарах тооцоо гарсан. Үүнээс гадна 6.6 их наяд төгрөгийг  Монгол Улс өрөндөө төлөхөөр байгаа.

Хэлэлцүүлгийн үеэр тус форумаас 2017 оны нэгдсэн төсвийн төслийн зарлагын төлөвлөлтөд дүгнэлт хийснийг танилцуулсан юм. Энэ тухай Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамаас тодрууллаа.

-Манай улс төсвийн төслөө хэт өөдрөгөөр төсөөлдөг. 2017 оны төсвийн төсөл хэр хөрсөнд буухаар байна вэ?

-2016 оны төсвийн төслийг хэт өөдрөгөөр төсөөлснөөс үүдэн тодотгол хийж 800 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж байсан.  Энэ удаагийн төсөл тэр тодотгосон түвшнээс дээш буюу 800 гаруй тэрбум төгрөгөөр өсгөлөө. Дэлхийн эдийн засгийн чиг хандлага, Монголын эдийн засгийн ерөнхий байдлаас үзвэл орлогыг бууруулж тооцох хэрэгтэй гэсэн дүгнэлтийг бид   гаргаад байна.   

-Төсвийн төсөлд ам.долларыг 2250 төгрөгөөр тооцсон байгаа. Ирэх жил энэ төсөөлөл биеллээ олох болов уу?

-Ам.долларын хувьд “Стэнд бай” хөтөлбөр болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор гадаад валютын урсгал нэмэгдвэл дээрх түвшинд барих магадлал бий.

-Нэгдсэн төсвийн орлогын төсөөллийн талаар юу хэлэх вэ?

- Нийт орлогыг 2016 оноос 16 хувиар өсгөсөн. Тухайлбал өмнөх оноос татварын орлогыг 9 хувиар, татварын бус орлогыг 28 хувиар, хувь хүний орлогын албан татварыг 7 хувиар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 15 хувиар, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг 10 хувиар  НӨАТ-ын орлогыг 14 хувиар тус тус нэмж тооцжээ. Тиймээс манай судлаачид нийт орлогын тооцооллыг бууруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийлээ.

-Нээлттэй нийгэм форумын судалгаагаар Монголын эдийн засгийн сэргэлтийн үе хэдийд ирнэ гэж үзэж байна вэ?

-Монголчууд ирэх онд их өрийг төлнө. Тиймээс төсөвт нэлээн ачаалал үүсэх учир сэргэлтийг ярихад хэцүү. Харин 2018 оноос одоо байгаагаас дээшлэх болов уу гэсэн хүлээлт байна.

-Зардлыг нэлээн танасан төсөв болсныг албаныхан онцолж байгаа. Төслийн задаргаанаас харахад энэ таналт хэр бодитой байна вэ?

-Төсвийн төслөөс харахад зардлыг хэмнэх боломжууд байна. Тухайлбал төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажилласны болон тэтгэвэрт гарсны нэг удаагийн тэтгэмжийн зардал нэлээн өсчээ.Тогтвор суурьшилтай ажилласны 6-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 2016 оны түвшнээс140 хувиар өндөр буюу 50 гаруй тэрбум төгрөгөөр өсгөсөн байх жишээтэй. Өнгөрсөн жил 20 гаруй тэрбум төгрөг байлаа. Төсвийн алдагдал ийм өндөр үед үүнийг нөхөн олговорын хэлбэрээр шийдэж болно.

-2017 оны төсвийн төслийг Сангийн яам боловсруулахдаа эрсдлүүдээ хэр тооцсон гэж дүгнэж байна?

-Ерөнхийдөө эрсдлүүдээ тооцсон юм болов уу гэж харж байна. Өмч хувьчлалаас нэлээн орлого бүрдэхээр байна. Тиймээс өмч хувьчлалыг хийхдээ үнийг нь унагахгүйн төлөө байх хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмж оруулсан байна билээ. Энэ өсөлт тоо хэмжээндээ хүрч чадахгүй бол төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх хандлага бий.  

 Б.Заяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ