Цэргийн бүртгэл нийслэлд үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-20 10:51:57

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэл Улаанбаатар хотод энэ сарын 6-22-нд үргэлжилж байна.


Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтэн, 65 хүртэлх насны бэлтгэл офицер, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ баталгаажуулах юм.


Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болно. Иргэд биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 



Холбоотой мэдээ