Р.Цолмонтуяа: Номын сангийн уншигчдын дийлэнх хувийг хүүхдүүд эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-01-16 17:14:40

Баруун-Урт 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан гурван танхим, 45 мянган номтой. Уншигч, үйлчлүүлэгчдийн зорьдог гол танхим бол хүүхдийн уншлагын танхим байдаг. Тиймээс тус танхимын номын санч Р.Цолмонтуяагаас үйл ажиллагааных нь талаар болоод уншигч хүүхдүүдийнхээ эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.


үүхдийн уншлагын танхимын үйл ажиллагааны талаар эхлээд манай  уншигчдаад мэдээлэл өгнө үү?

үүхдийн уншлагын танхим маань 6600 номтой, жилдээ дунджаар 2200 гаруй хүүхдэд үйлчилж байна. Манай танхимаар цэцэрлэгийн насныхан болон ЕБС-ийн 1-7 дугаар ангийн сурагчид үйлчлүүлдэг. Өдөр тутмын үндсэн ажлаас гадна нас насны уншигчдадаа зориулсан нөлөөллийн ажлуудыг тогтмол хийж, хүүхдүүдээ илүү ихээр танхим руугаа татдаг. Ном унших тухай хэлэлцүүлэг, уншсан номын дүрийн тоглолт зэргийг бага насныхан маш эерэгээр хүлээж авдаг. Харин дунд ангийн уншигчдыг ихэвчлэн "нэгээрээ биш, ангиараа" гэсэн уриан дор чиглүүлж ажилладаг. Ингэхээр хүүхдүүдийн идэвх оролцоо нэмэгдэж, ном унших хүсэл сонирхол нь ч эрс нэмэгддэг.



үүхдүүд ямар төрлийн номыг хамгийн ихээр сонирхож, уншдаг юм бэ?

-Нас наснаасаа шалтгаалаад өөр байдаг. Гэхдээ хүүхдүүд ихэвчлэн зураг ихтэй, зургаар үйл явдлыг нь илэрхийлсэн номыг их сонирхож, уншдаг. Мөн уран зохиолын болон танин мэдэхүйн цуврал ном унших дуртай. Цуврал ном бол хүүхдийн унших сэдлийг илүү их төрүүлдэг учир би ч энэ төрлийн номыг ихээр захиалах сонирхолтой байдаг. Сүүлийн үед англи, монгол хос хэл дээрх хүүхдийн номуудыг бас ихээр сонирхдог болсон байна. Ер нь сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн хувьд ном унших хүсэл, сонирхол маш их болсон. Нийтийн номын сангийн уншигчдын дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. 


-Уншигч хүүхдүүд ямар төрлийн номыг та бүхнээс асууж, хүсч байна вэ, ер нь номын баяжилтаа хэрхэн хийдэг вэ?

-Манайх номоо захиалахдаа дандаа хүүхдүүдийнхээ хүсэл сонирхолд тулгуурладаг. Нийтийн номын сан маань жилдээ 4-5 сая төгрөгийн номын баяжилтыг тогтмол хийдэг. Энэ болгонд яг уншигч хүүхдүүдийнхээ хүсэж, сонирхож байгаа номуудыг багтаан авч чаддаг. Хамгийн сүүлд 300 мянган төгрөгөөр ном худалдан авч, номын фонддоо  баяжилт хийгээд байна.



-Эцэг эхчүүд ярьдаг шүү дээ, хүүхдээ яаж ном уншдаг болгох вэ гэж. Үүнд та ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Томчуудаас их ирдэг асуулт л даа. Ер нь хүүхдийг хүчилж сургана гэж байхгүй. Өөрийнх нь хүсэл сонирхлыг татах хэрэгтэй. Тийм ч учраас манай байгууллагаас уншигч хүүхдүүддээ зориулсан олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тоглонгоо уншъя, Зуны зугаатай уншлага зэрэг хөтөлбөрүүдийг явуулаад хэвшсэн байгаа. Өдөр бүр нэг сэдэв сонгоод түүндээ тохирох номуудаар үзэсгэлэн гаргах, нэг номыг сонгон ярилцах, ойлгосноо бүтээл болгох, нэг үгээр шүлэг зохих зэрэг танин мэдэхүйн уралдаан, тэмцээн зохион байгуулж, идэвхжүүлдэг. Дутуу ойлгосон зүйл байвал номоо дахин санаачлагаараа уншаад эхэлдэг. Ингэхээр хүүхдүүд өөрөөр хандаж эхэлдэг. Эхний өдөр ирсэн хүүхдүүд маргааш нь хэзээ ч ганцаараа ирдэггүй. Ах эгч, дүүгээ, эсвэл найзуудыгаа дагуулаад ирдэг. Ингэж хүүхдийн унших сэдлийг төрүүлснээр цаашдаа аяндаа уншдаг болно. Тиймээс хүүхдүүдээ хичээлийн бус цагаар,  амралтаар нь яг өөрсдөд нь зориулсан мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд маш сайн хамруулах нь чухал.


-Сурагчдын амралт үргэлжилж байна. Энэ хугацаанд хэрхэн ажиллаж байна вэ?

-Ажлын өдрүүдэд уншлагын танхим хэвийн ажиллаж байна. Бид сүүлд ирсэн 50 ширхэг шинэ номоор үзэсгэлэн гаргаж, уншигчдадаа танилцуулсан. Цаг агаар, ханиад томуугаас шалтгаалаад уншигч бага байгаа учир хэрэгцээнд нь тулгуурлаад цахимаар шинэ номуудаа танилцуулж, идэвхтэн уншигчидтайгаа мэдээлэл солилцож байна. Үүнээс гадна хөдөө байгаа хүүхдүүдэд ч гэсэн шинэ номоо хүргэх зорилгоор Түвшинширээ суманд явуулын номын сан ажиллууллаа. 


-Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Холбоотой мэдээ